“VALORANT” тоглоомын шинэ од гэгдэж байсан Алекс “Canezerra” Баняс Riot Games-аас 12 сарын хугацаатай тоглох эрхээ хасуулсны улмаас ENVY баг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцаллаа. Энэхүү шийтгэл нь тоглогчийг Riot Games-ын бүх тоглоомд оролцох, тэмцээн уралдаанд оролцох, дамжуулалт (stream) хийх болон сурталчилгааны үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүрэн хязгаарласан байна.
Өдгөө 17 настай уг тоглогч ирэх зургаадугаар сард 18 нас хүрч, VCT тэмцээнд оролцох эрхтэй болох байсан ч Riot Games-ын үйлчилгээний нөхцөлийг олон удаа зөрчсөн үйлдлүүд нь түүний ирээдүйн замналыг бүрхэг болголоо. ENVY багийн мэдэгдэлд дурдсанаар, энэ нь тоглолтын үеэр хууран мэхэлсэн хэрэг биш бөгөөд зөвхөн тоглоомын явцад гаргасан зан үйлийн алдаа, үйлчилгээний нөхцөлийг удаа дараа зөрчсөнтэй холбоотой аж.
Canezerra нь Хойд Америкийн VALORANT-ын хамгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэгт тооцогдож байсан бөгөөд 2025 онд ENVY багт элсэж байжээ. Тэрээр багийнхаа хамтаар 2025 оны “Ascension Americas” тэмцээнд түрүүлж, “VCT Americas 2026” тэмцээнд оролцох эрхийг авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч насны хязгаарлалтаас шалтгаалан үндсэн тэмцээндээ хараахан оролцож амжаагүй байжээ.
Тоглогчийн зүгээс гаргасан алдаандаа хүлцэл өчиж: “Би ноцтой алдаа гаргаж, үүндээ гүнээ харамсаж байна. Шүтэн бишрэгчид, ENVY баг болон Riot Games-аас уучлалт гуйж байна. Би та бүхнийг гомдоолоо” хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг тоглоомын үеэр үндсэрхэг үзэлтэй холбоотой зүй зохисгүй үг хэллэг ашигласан гэх мэдээлэл байгаа юм.
Энэхүү үйл явдал нь цахим спортын хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн тоглогчид ёс зүйн өндөр стандартыг сахих ёстойг дахин санууллаа. Canezerra-гийн хориг 2027 оны дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тэрээр энэ хугацаанд өөрийгөө засаж, хөгжихөө амлаад байна.

