Иран болон Израилийн мөргөлдөөнөөс үүдэлтэй түлшний үнийн огцом өсөлт Spirit Airlines компанийг татан буугдах аюулд хүргээд байна. АНУ-ын агаарын тээврийн салбарын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани дампуурлаас аврагдахын тулд засаг захиргаанаас хэдэн зуун сая ам.долларын яаралтай санхүүгийн тусламж хүсжээ.
Spirit Airlines нь Ковид-19 цар тахлын дараах зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицоход хүндрэлтэй байсан бөгөөд 2024 оны 11-р сар болон 2025 оны 8-р сард тус тус дампуурлын хэрэг үүсгэж байсан түүхтэй. Тус компани 2020 оноос хойш нийт 2.5 тэрбум ам.доллараас илүү алдагдал хүлээгээд байна. Хэдийгээр зээлдүүлэгчидтэйгээ тохиролцон зардлаа бууруулах төлөвлөгөө гаргаж дампуурлаас гарч чадсан ч энэ оны 2-р сарын 28-нд эхэлсэн Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанууд газрын тосны үнийг хяналтгүй өсгөсөн нь нөхцөл байдлыг дахин хүндрүүллээ.

Компани энэ онд нэг галлон түлшийг дунджаар 2.24 ам.доллараар тооцож байсан бол одоо бодит үнэ нь 4.24 ам.долларт хүрч, төлөвлөсөн зардлыг нь хоёр дахин нэмэгдүүлээд байна. Хэрэв Spirit Airlines үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдвал олон мянган зорчигчид газарт хаягдаж, нислэгийн тийзний зах зээлд томоохон хоосон орон зай үүсэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байгаа юм.
АНУ-ын Тээврийн яам Spirit Airlines-ийн санхүүгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор тусламжийн хүсэлтийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Тээврийн сайд Шон Даффи ирэх долоо хоногт тус компанийн удирдлагуудтай уулзаж, жижиг агаарын тээврийн компаниудын санхүүгийн чадамж болон салбарын тогтвортой байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

