Компаниудын системд халдаж, виртуал валют хулгайлахыг завдсан хэрэгт Шотландын иргэн буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Шотландын Данди хотын оршин суугч Тайлер Буханан нь олон улсын цахим гэмт хэргийн бүлэглэлд нэгдэж, томоохон компаниудын ажилтнуудыг мессежээр залилан мэхлэх замаар системийн нэвтрэх эрхийг нь хууль бусаар олж авдаг байжээ. Тэрээр цахим луйвар хийсэн болон бусдын мэдээллийг хуурамчаар ашигласан гэмт хэрэгт буруутай гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Мөрдөн байцаалтын явцад Буханан болон түүний хамсаатнууд 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологи болон криптовалютын компаниудын мэдээллийг хулгайлахаар төлөвлөж байсан нь тогтоогджээ. Түүний гэрээс олон тооны хохирогчийн хувийн мэдээлэл, хаяг, криптовалютын түрийвчний нэвтрэх код бүхий файлууд олдсон байна.
Одоогоор АНУ-д нэг жил хоригдоод байгаа Бухананд ирэх 8 дугаар сарын 21-нд ял оноохоор товложээ. Түүнд хуулийн дагуу 22 жил хүртэлх хорих ял оноох боломжтой байгаа юм. Энэхүү хэрэгт АНУ-ын гурван иргэн холбогдон шалгагдаж байгаа бөгөөд тэдний нэг болох Ноа Майкл Урбанд шүүхээс хэдийнэ 10 жилийн хорих ял оноож, 13 сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаад байна.

