Загвар өмсөгч Хейли Бибер “Call Her Daddy” подкастад оролцохдоо нөхөр Жастин Бибертэй тогтоосон хувийн харилцаа болон тэдний гэрлэлтийн зааг хязгаарын талаар сонирхолтой баримтуудыг дэлгэсэн байна. Жастин Биберийн Коачелла наадам дээрх сүүлийн үеийн тоглолтоос үүдэн тэдний харилцаа сошиал орчинд дахин хүчтэй яригдах болсон бөгөөд үүнтэй зэрэгцэн Хейлигийн өмнө нь өгч байсан дуулиант ярилцлага олны анхаарлыг дахин татаж эхлэв.
Ярилцлагын үеэр хөтлөгч Алекс Купер түүнээс маш хувийн шинжтэй асуултуудыг асуусан юм. Хейли Бибер нөхөртэйгөө хэзээ дотно харилцаанд орох нь илүү таалагддаг тухай асуултад “Шөнийн цагаар илүү тааламжтай байдаг” хэмээн хариулжээ. Харин гуравдагч этгээдтэй хамт дотно харилцаанд орох санал ирж байсан эсэх, үүнийг туршиж үзэх талаар асуухад тэрээр “Иймэрхүү санаанууд сонирхолтой сонсогдож болох ч бидний харилцаанд энэ нь тохирохгүй” гэж эрс шийдэмгий хариулсан байна.

Тэрээр үүнийгээ итгэлцэлтэй холбон тайлбарлахдаа, хосууд одоогийн байгаа дотно, бат бөх харилцаагаа бий болгохын тулд маш их хөдөлмөр зарцуулсан тул үүнийгээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаагаа онцолжээ. Хэдийгээр эцэг эх нь энэ ярилцлагыг сонсох вий гэхээс бага зэрэг эмээж байгаа ч хувийн амьдралынхаа талаар ийнхүү нээлттэй ярьж байгаа нь тэдний дунд ямар ч нууц байдаггүйг харуулж байгаа хэрэг хэмээн тайлбарлав.
Мөн Хейли Бибер нөхөр Жастин Биберийг маш илэн далангүй, хэтэрхий шулуухан хүн гэдгийг тодотгосон. Тэрээр нөхрийнхөө өнгөрсөн харилцаа, таньдаг охидынх нь талаар юу ч асуусан Жастин хэзээ ч нуулгүй хариулдаг нь түүнд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлдэг байна. Тэд бие биедээ ирсэн мессежүүдийг ч хамтдаа уншиж, харилцааныхаа хил хязгаарыг хаана тогтоох талаар байнга ярилцдаг нь тэдний гэрлэлт бат бөх байх гол үндэс болдог ажээ.

