Зүүн Азийн санах ойн үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюун ухааны (AI) хэрэгцээ огцом нэмэгдсэн нь чипний нийлүүлэлтэд томоохон саатал учруулж байна. Nikkei Asia сэтгүүлийн мэдээлснээр, одоогийн үйлдвэрлэлийн хурд эрэлтийг гүйцэхгүй байгаагаас шалтгаалан компьютер, цахим төхөөрөмжүүдийн үнэ буурахгүй, харин ч өсөх төлөвтэй байгаа аж. Хэдийнэ Microsoft, Meta болон Raspberry Pi зэрэг технологийн томоохон компаниуд санах ойн үнийн өсөлтийн зардлыг хэрэглэгчдэдээ үүрүүлж эхлээд байна.
Шинжээчдийн тооцоолсноор, зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахын тулд 2027 оны сүүлч хүртэл үйлдвэрлэлийг жил бүр 12 хувиар өсгөх шаардлагатай байгаа ч бодит байдал дээр энэ үзүүлэлт ердөө 7.5 хувьтай байна. Одоогийн байдлаар нийлүүлэлт болон эрэлтийн хооронд 40 хувийн асар их зөрүү үүсээд байгаа бөгөөд үүнд хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлөөс гадна Ойрхи Дорнодын тогтворгүй байдал, түүхий эд болон эрчим хүчний үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Дэлхийн хамгийн том RAM үйлдвэрлэгч “Samsung” компани Пёнтек дэх цогцолбортоо үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа ч бүрэн хүчин чадлаараа ирэх оноос л ажиллаж эхлэх төлөвтэй байна. Тус компани AI-д зориулсан өндөр хурдны санах ойг (HBM) 2028 оноос нийлүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ хугацаанд SK Hynix компани зах зээлийн гол нийлүүлэгч хэвээр байх төлөвтэй байна. Counterpoint Research-ийн шинжээчдийн үзэж буйгаар, санах ойн зах зээлийн тэнцвэрт байдал 2028 он хүртэл бүрэн тогтворжихгүй бололтой.

