Эрдэмтэд толин бактер бий болгох анхны судалгааг эхлүүлээд байгаа ч ийм технологи хөгжихөд дор хаяж 10 жилийн хугацаа шаардагдах аж. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд энэ чиглэлд чухал ахиц гарч байгаа нь судалгаагаар онцлогджээ. Хэрэв толин бактер бий болвол хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй гэж уг судалгаа үзэж байна.
Эрдэмтэд, бодлого боловсруулагчид болон бусад оролцогч талуудын өргөн хүрээний яриа хэлэлцүүлэг явуулж, толин бактерийн болзошгүй эрсдэлийг ойлгох, түүнийг бууруулах арга замыг тодорхойлохыг судлаачид уриалжээ.
Тус судалгааны 38 зохиогч есөн улсад ажилладаг бөгөөд дархлаа судлал, ургамлын өвчин судлал, экологи, хувьсал судлал, биоаюулгүй байдал, гаригийн шинжлэх ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдэж байна. Судалгааны ажил 300 хуудастай техникийн нарийвчилсан тайлантай хамт нийтлэгдсэн байна.
Дархлаа болон байгаль орчны эрсдэл
Толин бактер шууд ойрын хугацаанд аюул учруулахгүй ч, “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар ирээдүйд ноцтой аюул учруулах эрсдэлтэйг анхааруулжээ. Хүн, амьтан, ургамлын дархлааны систем нь нянгийн өвөрмөц молекулын хэлбэрийг таньж, хариу үйлдэл үзүүлдэг. Харин толин бактерийн хэлбэр өөрчлөгдөж, эсрэгээрээ байх тул дархлааны систем тэднийг таньж чадахгүйд хүрч, үндсэн хамгаалалтын механизм алдагдаж, халдварт өртөх эрсдэл нэмэгдэх магадлалтай.
Мөн судалгаагаар толин бактер хүрээлэн буй орчинд өөрсдийн байгалийн дайснууд болох фаг болон протистуудыг тойрч гарах чадвартай байж болзошгүйг онцолжээ. Эдгээр организм нь бактерийн тоо хэмжээг хязгаарлахад чиралд тулгуурласан үйл явцад түшиглэдэг тул толин бактерт нөлөөлж чадахгүй байх магадлалтай. Үүний улмаас амьтан, хүнээр дамжин янз бүрийн экосистемд тархаж, удаан хугацааны халдварын эх үүсвэр болох аюултай. Энэ нь хүний эрүүл мэнд болон дэлхийн экосистемд ноцтой хохирол учруулж болзошгүй.
Толин бактерийг үүсгэхээс татгалзах уриалга
Судалгааны баг өөрсдийн дүгнэлтийг дахин нарийвчлан шалгахыг уриалж, энэ төрлийн организм хэт аюултай эсэхийг нотлох баримт байхгүй тохиолдолд толин бактер үүсгэхээс татгалзах хэрэгтэй гэж үзжээ. Олон жилийн турш толин бактер бий болгохыг урт хугацааны зорилго болгон ажиллаж байсан зарим зохиогч энэхүү судалгааны багт багтсан нь анхаарал татаж байна.
Энэхүү судалгаа толин бактерийн эрсдлийн талаар дэлхий нийтээр өргөн хэлэлцүүлэг эхлүүлэх эхлэл болж байна. Түүнчлэн 2025 онд болох цуврал үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус судалгааг нарийвчлан судалж, болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэлэлцэх төлөвлөгөө багтжээ. Эдгээр арга хэмжээнүүдийн нэг нь Парис дахь Пастерын хүрээлэнд зохион байгуулагдах аж.
phys.org