Өнгөрсөн жилийн CES үзэсгэлэнд Honda нь өвөрмөц, гурвалжин хэлбэртэй 0 цуврал хэмээх цахилгаан машины концепцийг танилцуулсан билээ. Өнгөрсөн намар Хойд Америкийн сэтгүүлчид Хондад зочлон, энэхүү загварыг зах зээлд нэвтрүүлэхэд хэрхэн дэвшил гаргаж буйг харах боломжтой болсон. Бид бүгд энэ машины загвар бодит үйлдвэрлэлд арай л хэтрүүлэгтэй гэж бодож байлаа. Гэхдээ бодит байдал нь тэс өөр байв. Энэ долоо хоногийн CES дээр Honda илүү өвөрмөц дизайнтай хоёр 0 цувралын прототип танилцууллаа.
Хонда өөрийн зүгээс цахилгаан машины зах зээлд нэлээн хожуу хөл тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бусад автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүрт бүрэн шилжихээ амлаж байх үед Honda илүү хянуур хандлага баримталж, General Motors-той хамтран Prologue гэх кроссовер загварыг танилцуулсан. Харин одоо АНУ-ын зах зээлд цахилгаан машины эрэлт таамаглаж байснаас бага байгаа үед Honda хэрэглэгчдийн анхаарлыг татах огт шинэ арга зам эрэлхийлж байна.
Өнгөрсөн жил харж байсан “Концепц” машинуудтай харьцуулахад энд дүрслэгдсэн “Прототип” загварууд бодит байдалд борлуулалтын цэгүүдэд харагдах машинтай нэлээд ойр юм.
Хонда 0 цувралын SUV нь эхлээд худалдаанд гарна. Энэ нь Saloon загварын адилаар дотрох зайг хамгийн ихээр ашиглаж, жинг багасгах шинэ үйлдвэрлэлийн технологи ашиглах болно. Тоормос, жолоодлого, түдгэлзүүлэлт зэрэг механик системүүдийг компьютерээр хянах бөгөөд эдгээр нь 0 цувралын машинуудыг тогтвортой, жолоодоход таатай болгох чиглэлд хамтран ажиллана гэж Honda мэдэгджээ.
Saloon загвар нь SUV-ийн дараа худалдаанд гарах бөгөөд механикийн хувьд SUV-тэй төстэй ч, дизайны хувьд дэлхийн хамгийн өвөрмөц загварын машинуудын нэгэнд тооцогдоно.
Эдгээр цахилгаан машинууд шинэ үйлдлийн системтэй байх бөгөөд үүнийг Honda-гийн алдартай хүн төрхт робот Asimo-гоос санаа авч нэрлэжээ. Honda-гийн хэлж буйгаар, 0 цувралын машинууд эзэн болон түүний амьдралд чухал хүмүүсийн хооронд холбоо үүсгэхэд чиглэсэн байх аж. Мөн эдгээр машин нь гуравдугаар түвшний автономит жолоодлогын чадвартай байх болно.
Эдгээр машинууд нь Honda-гийн хувьд томоохон алхам бөгөөд 2026 онд хэрэглэгчдийн дунд хэрхэн хүлээн авахыг харах боломжтой болно.
gizmodo.com