Хятадын стартап болох DeepSeek хиймэл оюун ухааны салбарт дахин томоохон амжилт үзүүллээ. Тус компани даваа гарагт Janus-Pro-7B нэртэй нээлттэй эх кодтой AI дүрс үүсгэгч системээ танилцуулсан бөгөөд энэ нь OpenAI-ийн DALL-E болон Stability AI-ийн Stable Diffusion-ээс илүү үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.
Janus-Pro-7B загвар нь өмнөх хувилбар болох Janus-ийн шинэчилсэн загвар бөгөөд дүрс үүсгэхээс гадна дүрсийн шинжилгээ хийх чадвартай гэдгээрээ онцлогтой. DeepSeek-ийн нийтэлсэн техникийн баримт бичигт дурдсанаар, уг загвар нь олон AI шалгуур үзүүлэлт дээр өрсөлдөгчдөө даван гарсан байна.
Энэхүү амжилтын ард өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн R1 загварын амжилт чухал үүрэг гүйцэтгэсэн. R1 нь Apple App Store дээр ChatGPT-ийг татан авалтаараа давсан бөгөөд тус компани уг загварыг ердөө хоёр сарын дотор 6 сая ам.долларын төсвөөр бүтээсэн гэж онцолжээ. АНУ-ын хамгийн том AI компани болох OpenAI нь 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй, хаалттай эх кодтой байдгийг харгалзвал DeepSeek-ийн нээлттэй эх кодын инновациуд нь технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна.
Шинэ дүрс үүсгэгчээ танилцуулсан өдөр DeepSeek сүлжээнд нь томоохон хэмжээний кибер халдлага гарсан талаар Reuters мэдээлсэн байна. Үүний улмаас тус компани шинэ хэрэглэгчдийн бүртгэлийг түр хязгаарласан ч одоо байгаа хэрэглэгчдийн үйлчилгээнд нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
DeepSeek-ийн амжилт АНУ-ын технологийн хувьцааны зах зээлд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн төдийгүй хөрөнгө оруулагчид технологийн компаниудын хувьцааг ихээр худалдах болсон байна. АНУ-ын эдийн засаг хиймэл оюун ухааны салбарт тулгуурлаж буй энэ үед DeepSeek-ийн амжилт нь Уолл Стрийтийн олон тэрбумын хөрөнгө оруулалтад цохилт өгчээ.
Энэхүү нөхцөл байдал нь АНУ-ын технологийн аваргуудыг илүү их хөрөнгө оруулалт хийхэд түлхэц өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Технологийн уралдаанд тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд Америк илүү их хүчин чармайлт гаргах цаг болсныг энэ үйл явдал харуулж байна.
gizmodo.com