FaZe баг саяхан IEM Melbourne тэмцээнээс хасагдсан. GamerLegion багт 0-2 харьцаагаар хожигдсон бөгөөд уг тоглолтод Erik “ztr” Gustafsson-ийн хийсэн хоёр 1v3 clutch нь тоглолтын хувь заяаг шийдсэн билээ. Ийнхүү Finn “karrigan” Andersen-ээр удирдуулсан баг плей-оффын шатанд хүрэлгүй нутаг буцсан юм.
Энэ нь FaZe багийн хувьд 2025 оны эхнээс хойших урам хугарал дагуулсан тоглолтуудын дараагийн нэг жишээ болж байна. Үүнийг karrigan өөрөө ч хүлээн зөвшөөрч, багийг зөв замд оруулахын тулд чармайж байгаа ч бүх зүйлийг ойлгоход “хэцүү байна” гэж хэлжээ.
BLAST Rivals тэмцээний өмнөх ярилцлагадаа karrigan GamerLegion-той хийсэн “Хүлээн зөвшөөрөхийн аргагүй” ялагдал болон FaZe багийн тулгарч буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
“Эерэг сэтгэлгээтэй байх нь чухал ч тоглолтуудаа эргэн харахад сэтгэл хөдлөлийг дийлэхэд хэцүү байна” гэж багийн тоглолтын ахлагч HLTV-д ярьжээ.
“Бид сайн зүйлс хийж байгаа ч тогтворгүй байдал л гол асуудал нь байна. Melbourne-д бид 3DMAX багийг 13-1-ээр хожсон ч дөрвөн цагийн дараа GamerLegion-д маш муу тоглолтоор хожигдсон. Үүнийг ойлгохгүй байна. Энэ бол удирдагч хүний хувьд хамгийн бухимдмаар зүйл.”
Finn “karrigan” Andersen:
“Энэ бүх зүйл надад хүнд тусаж байгаа. Гэхдээ дараагийн хоёр, гурван тэмцээнд арай тайван байж, өөртөө болон бусдаас ирж буй дарамтыг бага мэдрэхийг хичээнэ.”
karrigan мөн Helvijs “broky” Saukants-ийн тухай ярьсан. Түүнийг 2025 онд форм муутай байгаа хэмээн олон нийт ихээхэн шүүмжилж байгаа ч тэрээр:
“Бид broky-д туслахын тулд чадлынхаа хэрээр хичээж байгаа. Тэр дотороо бол бүх зүйл байгаа. Гэхдээ энэ жил түүний тоглолт хүнд байсан. Гэхдээ баг бүхэлдээ хүнд байгаа. Бид одоо ч ажиллаж л байна. Энд сайн тоглолт гаргаж магадгүй, үгүй бол би Major дээр түүний сэргэлтийг дуртайяа хүлээн авна.” гэжээ.
Тэрээр эцэст нь Robin “ropz” Kool-ийн талаар ярьсан. Ropz энэ жилийн эхэнд FaZe-ээс гарч Vitality багт орсон ба хоёр дахь ESL Grand Slam-аа хүртээд байгаа. Үүнийг харах нь karrigan-д баяртай ч бас сэтгэл эмзэглэмээр зүйл байжээ.
“Бид маш муу тоглож байхад ropz маш сайн тоглож байгаа нь бага зэрэг сэтгэл өвтгөм байна” гэж тэр хэлээд, “Түүний төлөө маш их баяртай байна, гэхдээ одоо жаахан амсхийх хэрэгтэй. Тэр хангалттай амжилт үзүүлсэн, одоо өөр хэн нэгэнд боломж олгох цаг нь болсон.” гэж хошигнон хэлжээ.
Та энэ ярилцлагыг YouTube-ээр үзэж, Spotify-оор сонсох боломжтой. Эсвэл доорх бүрэн эхийг уншиж болно:
Melbourne-аас ирснээс хойш хэд хоног өнгөрлөө. Тэндээс тааруу тоглолтоор тэмцээнээс хасагдсан. Тэр үед Twitter дээр та “Бүх зүйлийг тодорхой харахад хэцүү байна” гэж хэлж байсан. Одоо бодож үзэхэд нөхцөл байдлыг илүү ойлгох болсон уу?
Тийм ээ, энэ жил ер нь л хэцүү жил болж байна. GamerLegion-д хожигдсон маань бол үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл байсан. FaZe багийг ярихад туршлага, дарамттай нөхцөлд тоглох чадварыг нь ярьдаг. Гэтэл бид 3v1 нөхцөлд тоглолтыг хааж чадаагүй. Тэр тоглолтод галзуурсан буудалт байгаагүй, тактикийн хувьд зөв тоглосон ч ямар нэг зүйл нурсандаа л бүх зүйл унасан.
Би карьерынхаа туршид ийм зүйлтэй олон удаа тулгарч байсан ч энэ удаа арай илүү хүнд тусаж байна. Би эхнээс нь энэ жил амаргүй байхыг мэдэж байсан ч ингэж үргэлжилнэ гэж төсөөлөөгүй.
Сэтгэл зүйд нөлөөлсөн бололтой. Баг дотроо уур амьсгал хэр байна вэ?
Эхэндээ бид бүгд нэг завин дээр байсан. Бүгд нэг зорилготой, нэг чиглэл рүү хөвж байсан. Сүүлийн хоёр, гурван тэмцээнд бид тоглолтынхаа хэв маягт тогтвортой байдал авчрахыг оролдсон. Байрлал ч өөрчлөгдөөгүй. Major тэмцээний өмнө тогтмол байдалд хүрэхийг хүссэн ч үр дүн нь миний хүлээлтэд хүрээгүй. Харамсалтай л байна. Бид маш их ажиллаж байгаа, практик хийх хугацаа ч байгаагүй.
Тоглолтын дараах сэтгэл хөдлөлийг давах хэцүү байдаг. Гэхдээ энэ бол мэргэжлийн спортын нэг хэсэг. Хүлээлт бий, өөрийн болон олон нийтийн. Энэ үед даруу байж, зорьсон чиглэлээ барьж, чимээгүйгээр ажиллах нь л чухал. Нэг л өдөр бүх зүйл “click” хийх байх гэж найдаж байна.
Та шийдлийг хайж байна гэж хэлсэн. Яг одоо сайжруулах хэрэгтэй дараагийн зүйл нь юу гэж харж байна вэ?
Оны төгсгөл ирж байна. Үр дүнг хянах боломжгүй, зөвхөн өөрийгөө хянах боломжтой. Би тоглолтод хэрхэн оролцож байна вэ, багаа яаж удирдаж байна вэ гэдгээ л хянаж чадна. Надад ч хэцүү байна, гэхдээ дараагийн хэдэн тэмцээнд өөрийгөө арай тайван байлгахыг хичээнэ. Playoff-д орно гэсэн хүлээлт байсан, тийм биш байгаа нь миний хувийн уналт.
Major хүртэл бидэнд тийм олон боломж үлдээгүй. Бид их зүйл өөрчлөхгүй, гэхдээ сэтгэлзүй өөрчлөгдөж магадгүй. Хэрэв 2-3 сайн тоглолт хийж чадвал, ямар нэг зүйл “click” хийх байх. Би багийн удирдагчийн хувьд зөв чиглэлд түлхэхийг оролдож байгаа, гэхдээ би ганцаараа бүхнийг хийж чадахгүй. Хамгийн гол нь бид тоглолт дотроо химийн холбоогоо олох хэрэгтэй байна.
broky-г сүүлийн үед олон нийт их шүүмжилж байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Нэг талаар зөв, нөгөө талаар үгүй. Өнгөрсөн жил хүмүүс frozen-ийг шүүмжилж байсан. Тэр том тоглолтод хамгийн шилдэг нь байгаагүй байж магадгүй ч биднийг финалд хүргэсэн. Энэ жил broky, бас би, Jon ч мөн шүүмжлэлд өртсөн. Зөвхөн frozen-ийг л шүүмжлээгүй. Энэ бол мэргэжлийн тоглогчийн амьдрал. Хүн бүрт тав тухтай байх орчин бүрдүүлэхийг бид хичээдэг ч эцэст нь өөрөөс нь л шалтгаална.
Өнгөрсөн жил ropz ч муу мэдэрч байсан ч одоо Vitality-д бүхнийг ялж байна. Тиймээс тоглогч бүрийн дотор нь байгаа тэр зүйл гарч ирэх ёстой. Би баг удирдагчийн хувьд бүхнийг хийж байгаа ч эцсийн шийдвэр тоглогчдод өөрсдөд нь байдаг.
Melbourne-д rain хэлэхдээ broky бага зэрэг дарамт мэдэрч байгаа гэжээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ broky бол broky. Би, rain хоёр түүнтэй олон жил ажилласан. Зарим үед дарамт нөлөөлнө, зарим үед тоглолтод сайн мэдрэмж төрөхгүй. Бид түүнд туслахыг хичээж байгаа. broky өмнө нь биднийг олон удаа гайхшруулж байсан, Fall Finals дээр 1.30 rating авсан ч бид ялж чадаагүйд харамссан.
Тэр формдоо орвол хүн бүр түүнийг айж эхэлдэг, тоглолт бидэнд хамаагүй амар болдог. Гэхдээ зөвхөн түүнд найдаж болохгүй. Энэ жил тоглолт нь сул байсан ч баг бүхэлдээ тийм байсан. Одоо ч бид ажиллаж л байна. Broky энэ тэмцээнд, үгүй бол Major дээр сайн тоглолт үзүүлнэ гэж найдаж байна.
Хэрэв хэн нэг нь гайхамшигтай тоглолт үзүүлбэл энэ бүхнийг өөрчлөх боломжтой юу?
Тийм. Одоо бол багийн тоглолт муу байна. Бид сайн зүйлийг хийж байгаа ч зарим тоглолт дээр CT эсвэл T талд бүрэн унаж байна. Энэ үед нэг тоглогчийн “life game” хэрэгтэй байдаг. Харамсалтай нь одоогоор тийм тоглолтыг нэг ч хүн гаргаагүй.
Өмнө нь FaZe-д ийм үед нэг нь гэнэт form-д орж багийг авардаг байсан. Гэтэл одоо бид B-form-гүй байна. Хожигдох үед 13-10-аар арай ядан хожно гэдэг байсан бол одоо 13-11-ээр хожигдож байна. Энэ бол хамгийн хүнд хэсэг.
Та ropz-ийн тухай дурдаж байсан. Тэр Vitality-д гайхалтай амжилт гаргалаа. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Vitality руу явна гэхэд нь ярих хэцүү байсан. Гэхдээ тэд сайн баг болно гэдгийг мэдэж байсан. Тэр бол тогтвортой тоглогч, маш мундаг teammate. Vitality-д очсоноор өөрийгөө батлахыг хүссэн нь илт. Би түүнтэй бараг таван жил ажилласан, ийм амжилт гаргаж байгааг нь харахад нэг талаараа сайхан ч, нөгөө талаасаа сэтгэл өвддөг.
hltv.org