Голден Стэйт Уорриорсийн зүгээс Жонатан Кумингаг багтаа үлдээх сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Куминга энэ зун хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болох бөгөөд түүнийг клубын эзэн Жо Лэйкоб болон менежментийн баг илүү дэмждэг бол дасгалжуулагч Стив Керрийн зүгээс тэр бүр өндөр үнэлгээ авч байгаагүй гэх яриа бий.
“Бид Кумингад үнэхээр ач холбогдол өгдөг,” хэмээн ерөнхий менежер Майк Данливи Жуниор хэллээ. “Тэр энэ улиралд тууштай, сайн тоглосон. Бид түүнийг ирэх улиралд үлдээхийг зорьж байгаа. Учир нь түүний тэмцэл, төгсгөх, торгуулийн шугамд хүрэх чадвар бол бидний багт үнэхээр хэрэгтэй зүйлс. Эдгээр нь хийсвэр зүйл биш, бид түүний бодитоор хийж чадахыг мэдэж байгаа.”
Данливи цааш нь: “Тиймээс бид түүнийг үлдээхээр хичээх болно. Гэхдээ мэдээж хэлэлцээр хийх шаардлагатай. Гэрээ байгуулах асуудал хоёр талын харилцан ойлголцолд тулгуурладаг. Үүнийг шийднэ гэдэг амаргүй. Үзье ээ,” хэмээв.
Уорриорс Кумингатай шинэ гэрээ байгуулах боломжтойгоос гадна “sign-and-trade” аргаар бусад багтай наймаалцах хувилбар ч нээлттэй хэвээр байна. Стив Керр хэлэхдээ, хэрэв Куминга багтаа үлдвэл, улирлын хоёрдугаар хагаст Жимми Батлер ирснээр тоглолтын зохицол муудсан нөхцөл байдлыг дараа улиралд илүү сайжруулахыг зорьно гэдгээ илэрхийлжээ.
“Тэр энэ улиралд үнэхээр сайн тоглосон гэж би бодож байна”. “Гэмтэл автал яг формдоо орж, тоглолтоо олж эхэлж байсан. Гэтэл гэмтэл нь түүнийг хойш нь чангаасан. Эргэн ирэхэд тэр формоо алдсан байсан. Энэ нь биднийг плэй-оффт хүрэх замд саад болсон.”
“Бидний хувьд тэр яг л дөрвөлжин шоо тааруулах гээд дугуй нүхэнд хийж буй мэт байсан. Тиймээс бид ротациос нь хассан. Гэхдээ тэр үүнийг ухаалгаар, сайн хүлээж авсан. Тэр бол авьяаслаг, ирээдүйтэй тоглогч. Гэхдээ одоо ч төлөвшиж буй, тодорхой хэмжээнд боловсроогүй тоглогч хэвээрээ. Харин бидний хувьд хамгийн чухал зүйл бол бүрэлдэхүүний зохион байгуулалт, тоглогчдын зохицлыг оновчтой болгох. Энэ улиралд зохицол их хүнд байсан. Багийн штаб илүү сайн ажиллах шаардлагатай. Куминга ч хөгжих зүйлтэй, манай баг ч бүхэлдээ сайжрах ёстой.”