in

Шэй Гилжес-Александр, Никола Йокич нар All-NBA багийн бүрэлдэхүүнийг тэргүүллээ

Шэй Гилжес-Александр, Никола Йокич нар All-NBA багийн бүрэлдэхүүнийг тэргүүллээ

NBA-гийн улирал бүрийн шилдэг тоглогчдоос бүрдэх All-NBA багийн 2025 оны сонголт зарлагдлаа. Эхний багт MVP Шэй Гилжес-Александр болон Никола Йокич нар нэрлэгдэж, бүрэлдэхүүнийг тэргүүлсэн бол энэ жилийн хамгийн том санхүүгийн ашиг хүртсэн тоглогч нь Детройт Пистонсын хамгаалагч Кэйд Каннингем боллоо.

23 настай Каннингем All-NBA гурав дахь багт багтсан бөгөөд энэ нь өнгөрсөн зун байгуулсан түүний гэрээний сунгалтын үнийг нэмэгдүүлж байна. Анх 224 сая ам.доллараар тохиролцсон гэрээ нь All-NBA багт багтсан тохиолдолд хүчин төгөлдөр болох заалтын дагуу 269 сая ам.доллар ($928 тэрбум орчим төгрөг) болж өсөхөөр болсон.

NBA-гийн хамтын гэрээний дагуу тоглогч MVP, Шилдэг хамгаалагч цол хүртсэн эсвэл All-NBA багт багтсан тохиолдолд “макс” гэрээний дүн өсөх эрхтэй байдаг. Энэ улиралд уг нөхцөл хангаж, цалингаа нэмэгдүүлсэн цорын ганц тоглогч нь Каннингем байлаа.

Харин улирлын үнэ цэнтэй тоглогч Шэй Гилжес-Александр болон оны шилдэг хамгаалагчаар тодорсон Эван Мобли нар мөн All-NBA багт багтсан ч гэрээний хэмжээ нь аль хэдийн дээд хязгаарт хүрсэн тул нэмэлт санхүүгийн өөрчлөлт гараагүй юм.

NBA-гийн энэ улирлын All-NBA багийн эхний, хоёр дахь болон гурав дахь бүрэлдэхүүнийг Зүүн бүсийн финалын хоёр дахь тоглолтын өмнө TNT сувгаар зарлалаа. Эхний багт Шэй Гилжес-Александер, Никола Йокич, Яннис Антетокүнмпо, Жэйсон Тэйтум болон Донован Митчелл нар багтсан.

Хоёр дахь багт Эван Мобли, Лэйкерсийн Леброн Жэймс, Миннесотагийн Энтони Эдвардс, Голден Стэйтийн Стефен Карри, Нью-Йоркийн Жэйлен Брансон нар багтжээ.

Гурав дахь багт Детройтын Кэйд Каннингем, Индианагийн Тайрис Халибертон, Нью-Йоркийн Карл-Антони Таунс, Клипперсийн Жэймс Харден болон Оклахома Ситигийн Жэйлен Уильямс нар нэрлэгджээ.

Энэ жилийн All-NBA багт багтаж чадаагүй хоёр тоглогч томоохон гэрээний боломжоо алдав. Мемфисийн Жарен Жэксон Жр, Атлантагийн Трэй Янг нар тус бүр таван жилийн 345 сая ам.долларын гэрээ байгуулах эрхтэй байх байв. Гэвч багт багтаагүй тул Жэксон дөрвөн жилийн 146 сая ам.долларын, Янг хоёр жилийн 229 сая ам.долларын гэрээний санал авах боломжтой боллоо гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Каннингем өнгөрсөн зун гэрээгээ сунгасан бөгөөд энэ улиралд анх удаа All-Star тоглолтод оролцож, оноо, дамжуулалт болон 3 онооны шидэлтээр хувийн дээд үзүүлэлтээ шинэчилсэн. Түүний амжилт болон Детройт Пистонс улирлын хожлын тоогоо гурав дахин өсгөж, 2019 оноос хойш анх удаа плейоффт шалгарснаар Каннингемийн гэрээ 50 сая ам.доллараар нэмэгдлээ.

Эхний багийн хувьд Гилжес-Александр, Йокич, Антетокүнмпо, Тэйтум нар 100 сэтгүүлчийн санал хураалтаар нэгэн дуугаар сонгогджээ. Яннис сүүлийн долоон жил дараалан эхний багт багтаж байгаа бол энэ улиралд онооны дүнгээр хоёрдугаарт, самбар авалтаар зургаад бичигдсэн. Гилжес-Александр 3 дахь жилдээ дараалан эхний багт багтсан бөгөөд MVP болсноор 2026 оны зундаа 5 жилийн 380 сая ам.долларын гэрээ байгуулах эрхтэй болсон. Хэрэв энэ зун сунгалт хийвэл 4 жилийн 293 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурах боломжтой. Тэр энэ улиралд дундажаар 32.7 оноо авч, улирлын турш лигийг тэргүүлсэн.

Донован Митчелл энэ улиралд анх удаа эхний багт багтсан ч өмнөх улирлуудаас үзүүлэлт нь буурсан. Гэсэн ч Зүүн бүсийн хамгийн олон хожилтой багийн гол тоглогчийн хувьд сонгогдсон нь ойлгомжтой шийдвэр болсон.

Хоёр дахь багт багтсан Леброн Жэймс карьерынхаа 22 улирлын 21 дэх All-NBA багийн нэрлэлтийг авсан нь лигийн дээд амжилт. Карри 11 дэх удаагаа All-NBA багт багтсан бол Эдвардс, Брансон нар хоёр дахь удаагаа, Мобли анх удаа багтаж байна. Моблиг энэ сарын эхээр Шилдэг хамгаалагчаар нэрлэгдсэн нь түүний өнгөрсөн зун байгуулсан 224 сая ам.долларын 5 жилийн гэрээг 50 сая ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөлийг идэвхжүүлжээ.

Гурав дахь багийн хувьд Харден нийт карьертаа найм дахь удаагаа All-NBA багт нэрлэгдэж байгаа бөгөөд 2019–2020 оноос хойш анх удаа багтлаа. Таунс гурав дахь, Халибертон хоёр дахь удаагаа, Уильямс анх удаагаа All-NBA багт нэрлэгдсэн бол Каннингем ч мөн анх удаа багтжээ.

Харин Трэй Янг улирлыг лигийн шилдэг дамжуулагч (дундаж 11.6) байсан ч багтаагүй бол Жарен Жэксон Жр улирал даяар багтаа хамгийн тогтвортой, тоглолтын төв болсон ч санал авч чадаагүй.

Ингэснээр NBA-гийн энэ улирлын бүх шагналтнууд тодорлоо. Үүнд:

  • MVP: Шэй Гилжес-Александр (Оклахома Сити Тандер)

  • Шилдэг шинэ тоглогч: Стефон Касл (Сан Антонио Спёрс)

  • Шилдэг зургаа дахь тоглогч: Пэйтон Причард (Бостон Сэлтикс)

  • Шилдэг хамгаалагч: Эван Мобли (Кливленд Кавальерс)

  • Шийдвэрлэх мөчийн шилдэг тоглогч: Жэйлен Брансон (Нью-Йорк Никс)

  • Хамгийн их ахиц дэвшил гаргасан тоглогч: Дайсон Даниэлс (Атланта Хокс)

  • Шилдэг дасгалжуулагч: Кенни Аткинсон (Кливленд Кавальерс)

Энэ долоо хоногт мөн шилдэг шинэ тоглогчдын баг болон шилдэг хамгаалагчдын баг-ийг зарласан байна.

What do you think?

UFC 318: Макс Холлоуэй, Дастин Порье нарын 3 дахь тулаанд хэд хэдэн онцлох тулаан нэмэгдлээ

UFC 318: Макс Холлоуэй, Дастин Порье нарын 3 дахь тулаанд хэд хэдэн онцлох тулаан нэмэгдлээ

Утасны дуудлагын үеэр хортой апп-аас сэргийлэх шинэ арга хэмжээг Google нэвтрүүллээ

Утасны дуудлагын үеэр хортой апп-аас сэргийлэх шинэ арга хэмжээг Google нэвтрүүллээ