PGL Astana тэмцээний шөвгийн наймаас Aurora-д хожигдон тэмцээнээ дуусгасан The MongolZ баг IEM Dallas тэмцээнд дахин шөвгийн наймд Aurora-тай таарч ялснаар, хагас шигшээд шалгараад байна.
“Тэдэнд хожигдсон болохоор энэ ялалт сайхан мэдрэмж төрүүлж байна” хэмээн “mzinho” HLTV-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрээр энэ ярианыхаа үеэр дараагийн эсрэг баг болох MOUZ-тай хийх хагас шигшээ тоглолт руу анхаарлаа төвлөрүүлсэн юм. Сүүлийн саруудад The MongolZ MOUZ-ын эсрэг IEM Melbourne болон Perfect World Shanghai Major-ын шөвгийн шатанд тоглохдоо дараалан ялагдаж байжээ.
“MOUZ яг одоо tier 1 буюу дээд түвшний баг. Харин Aurora болон бидний хувьд tier 1.5 гэж хэлж болно. MOUZ, Vitality, Falcons бол өнөөдрийн байдлаар жинхэнэ tier 1 багууд. Тэд өндөр түвшинд тоглодог. Бидний хувьд маш хүнд тоглолт болно. Хэрвээ бид тэднийг ялж чадвал энэ үнэхээр чухал ялалт байх болно. Энэ нь бидний хувьд tier 1 түвшинд хүрэх итгэлийг өгнө” хэмээн mzinho хэлллээ.
Aurora-г хожиход чухал нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн нэг бол Америк дахь үзэгчдийн дэмжлэг байсан гэнэ. “Америкт бид яг л эх орныхоо үзэгчдийн дунд тоглож байгаа мэт мэдрэмж төрдөг. Үнэхээр итгэмээргүй. Бидний хувьд маш онцгой. MOUZ-ын эсрэг тоглолтод ч бас биднийг үргэлжлүүлэн дэмжээсэй гэж хүсэж байна” гэж mzinho мөн онцолсон юм.
Тэрээр мөн Vitality-тай хийх боломжит шигшээ тоглолтын талаар байр сууриа илэрхийлжээ. Багуудын сүүлийн уулзалт IEM Dallas-ын хэсгийн шатанд болсон бөгөөд тэд бараг тэнцүүхэн тоглосон ч mzinho-ын хэлснээр Vitality тухайн үед жинхэнэ чадавхиараа тоглоогүй бололтой.
“apEX тоглолтын үеэр чанга дуугарч, ‘Бид долоон хоног бэлтгэлгүй байсан ч та нарыг хожлоо!’ гэж хашхирч байсан. Тийм л учраас бид тэнцүүхэн тоглож чадсан байх. Тэд өөрсдийнхөө бүх хүчийг гаргаагүй гэж бодож байна” хэмээн тэр дурсав.
“Харин хасагдах шатанд тэд илүү сайн бэлтгэлтэй байх болов уу. Хэрэв бид MOUZ-ыг ялж, Vitality-тай шигшээд тоглох боломж гарвал тэр тоглолт хэсгийн шатныхоос тэс өөр байх болно. Гэхдээ бид хожихыг хичээнэ!” хэмээн mzinho ярилцлагаа өндөрлүүллээ.
hltv.org