Сүүн зам болон Андромеда галактикуудын мөргөлдөх магадлал буурчээ
Сүүлийн арван жилийн турш судлаачид бидний Сүүн зам галактик нь хөрш Андромеда галактиктай 5 тэрбум жилийн дараа мөргөлдөх өндөр магадлалтай гэж үзэж байв. Мөргөлдөх үед хоёр галактик “Милкомеда” хэмээх нэгэн шинэ галактик болон нэгдэх байв. Гэвч шинэ судалгаагаар энэ үйл явдал урьдын бодсоноос бага магадлалтай болж байна.
Гайя болон Хаббл сансрын дурангуудын шинэ мэдээллийг ашиглан олон улсын судлаачдын баг бидний галактикийн хөдөлгөөнийг ирэх 10 тэрбум жилд хэрхэн явагдахыг загварчилжээ. Энэхүү компьютерийн загвар нь Сүүн зам болон Андромеда зэрэг галактикуудыг багтаасан Орон нутгийн бүлэг дэх бусад галактикуудын шинэ масс тооцооллыг ашигласан байна. Эцэстээ энэ загвар нь дараагийн 10 тэрбум жилд хоёр галактик мөргөлдөх магадлал ердөө 50 хувь байгааг харуулсан нь өмнөх судалгааны дүнтэй дүйж байна.
Судлаачид Гайя болон Хаббл сансрын дурангуудын хамгийн сүүлийн үеийн, нарийвчлалтай ажиглалтуудыг ашиглан, ирээдүйн боломжит нөхцөл байдлыг гаргаж, Орон нутгийн бүлгийн хөгжилд нөлөөлөх гол тодорхой бус зүйлсийг тодорхойлсон байна. Судлаачид, тэр дундаа Хельсинкийн их сургууль болон Даремийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтран бичсэн судалгаагаар, галактикуудын одоогийн байрлал, хөдөлгөөн, массын тодорхой бус байдал нь Сүүн зам болон Андромеда галактикууд дараагийн 10 тэрбум жилд мөргөлдөхгүй байх магадлалыг ойролцоогоор 50 хувь болгож байна гэжээ.
Андромеда, Треангулам галактик, мөн Сүүн замыг тойрон эргэлддэг Том Магеллан үүл зэрэг галактикуудын таталцлын хүч нь Сүүн замын замд нөлөөлж байна. Судлаачдын үзэж байгаагаар, өмнөх шинжилгээнүүдийн тооцоолсон өндөр магадлал нь Том Магеллан үүлийн таталцлын хүчийг зөв тооцоолоогүйтэй холбоотой байж болзошгүй аж. Том Магеллан үүл Сүүн зам болон Андромеда галактикуудын орбитийн чиглэлд перпендикуляр байрлаж байгаа нь тэдний мөргөлдөх магадлалыг бууруулж байна гэж тайлбарласан байна.
Тэдний загвар нь тодорхой бус байдлыг тооцож үзсэн бөгөөд энэ нь магадлалыг бууруулахад нөлөөлжээ. Гэсэн хэдий ч судалгааны баг Гайя дурангийн илүү их мэдээлэл нь тэдний таамаглалыг сайжруулах боломжтой гэдгийг онцолсон юм.
“Милкомеда” хэзээ ч бий болохгүй байж болох ч судлаачид ирэх 2 тэрбум жилийн хугацаанд Сүүн зам болон Том Магеллан үүлний мөргөлдөөн бараг гарцаагүй болохыг тогтоосон бөгөөд үүний үр дүнд бий болох галактикийг юу гэж нэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Гэсэн хэдий ч судлаачид “Манай галактикийн хувь заяа бүрэн нээлттэй хэвээр байна” гэж дүгнэжээ.
Эх сурвалж:
The Milky Way Might Not Smash Into the Andromeda Galaxy After All, New Simulation Indicates
A recent paper reveals we’re almost certainly going to collide with a galaxy in the next couple billion years, but it’s not the one we thought.