19 настай жигүүрийн тоглогч Барджи Blaugrana буюу Барселонад албан ёсоор дөрвөн жилийн гэрээгээр нэгдсэн талаар клуб даваа гарагт мэдээлэв.
Тэрбээр 2024 оны тавдугаар сард авсан хүнд бэртлийн улмаас 2024-25 оны улирлын ихэнх хэсгийг өнжсөн. Гэсэн ч өмнөх улирал буюу 2023-24 онд бүх тэмцээнд нийт 10 гоол оруулж, тэр дундаа Манчестер Юнайтедыг 4-3 харьцаагаар буулгаж авсан Аваргуудын лигийн тоглолтод хожлын гоол оруулсан юм.
Гэхдээ Барселонагийн ахлагч Рафинья болон гайхалтай формтой өсвөрийн тоглогч Ламин Ямал нарын ард эрэмбэлэгдэх магадлалтай тул Барджид гараанд гарах боломжийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй болох нь.
Гэсэн хэдий ч Instagram хуудастаа тэрбээр сэтгэл хөдлөлөө ингэж илэрхийлжээ:
“Hola Culers. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Мартагдашгүй улирлыг хамтдаа бүтээхийг тэсэн ядан хүлээж байна.
Барса мандтугай!”
Рууни Барджи нь Барселонагийн энэ зуны хоёр дахь шинэ тоглогч бөгөөд түүнээс өмнө Эспаньолоос хаалгач Жоан Гарсиа нэгдсэн билээ.
Түүнчлэн Барселонагийн зүгээс Атлетик Бильбаогийн жигүүрийн тоглогч Нико Уильямсийг элсүүлэхээр оролдсон ч, тус баг тэдний санхүүгийн чадамжид эргэлзэж, асуудал маргаантай үргэлжилсний эцэст Уильямс Сан Мамест үлдэж, 10 жилийн шинэ гэрээнд гарын үсэг зурсан юм.