in

NASA дэлхийгээс хэдэн зуун сая километрийн алсад байрлах камерыг хэрхэн засварласан бэ?

NASA дэлхийгээс хэдэн зуун сая километрийн алсад байрлах камерыг хэрхэн засварласан бэ?

NASA-ийн Juno хөлгийн камер эвдрэлд орсон байлаа. JunoCam нэртэй энэ камер нь Бархасбадь гаригийг 50 гаруй удаа тойрон эргэж, түүний болон дагуулуудын гайхалтай зургуудыг дэлхий рүү илгээж байсан юм. Гэвч 2023 оны сүүлчээр нөхцөл байдал өөрчлөгдөв.

Хэт их цацрагийн нөлөөгөөр камер аажмаар элэгдэж эхэлсэн бөгөөд буцааж ирж буй зургууд нь бараг хэрэглэх аргагүй болжээ — зураг бүрт шуугиан, судал, гажуудал дүүрэн байв.

Олон жил Бархасбадь гаригын ширүүн радиацийн орчинд ажилласан энэ камер удахгүй хийх чухал үүрэгтээ Ио дагуулын ойрын тойролт бэлдэх ёстой болсон тул багийнхан ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болов. Гэхдээ энэ бүгдийг 400 сая милийн алсаас шийдэх ёстой байв.

Гүн сансарт камер “засварлах”

Сан-Антонио дахь Southwest Research Institute-ийн эрдэмтэд оролцсон инженер, мэргэжилтнүүдийн баг цорын ганц найдвартаа найджээ. Тэд камерийн хүчдэлийн тогтворжуулагч нь радиацийн улмаас гэмтсэн гэж таамагласан бөгөөд үлдсэн цор ганц боломж нь камерийг халаах байлаа.

Энэ аргыг “annealing” буюу хайлуулан засах гэж нэрлэдэг. Материалыг өндөр температурт халааж, микроскопийн төвшинд бүтэц, шинж чанарыг нь өөрчлөх энэ аргыг электроникийн салбарт хэрэглэдэг ч сансар огторгуйд хэрэглэх нь ховор.

Malin Space Science Systems компанийн инженер Жейкоб Шаффнер, уг камерыг зохион бүтээсэн багийн ахлагч:

“Халаалт нь цахиур (silicon)-ын бүтцийг микроскопийн төвшинд өөрчилж чаддаг гэдгийг бид мэддэг байсан ч энэ гэмтлийг засч чадах эсэх нь тодорхойгүй байсан,” гэж тайлбарлав.

Ингээд тэд JunoCam-ийн ганц халаагчийг 77°F (25°C) хэм хүртэл нэмэгдүүлж, зүгээр л ажиглахаас өөр аргагүй болов.

Камерын температурыг улам нэмэгдүүлэх

Анхны үр дүн нааштай байв. Камерын зургууд бага зэрэг тодорч эхэлсэн ч удалгүй чанар нь дахин муудав.

“55 дахь тойролтын дараа зургууд шуугиан, судлаар дүүрсэн байсан,” хэмээн JunoCam-ийн гол инженер Майкл Равин ярьжээ.

Зургийг янз бүрийн аргаар боловсруулж сайжруулахыг оролдсон ч амжилт олсонгүй.

Удалгүй Ио дагуулын тойролт ойртож, багийнхан хамгийн эрсдэлтэй сонголтоо хийв — халаагчийг дээд хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлж, илүү хүчтэй “annealing” хийх.

Эхлээд үр дүнгээ өгөөгүй. Шалгах зурагнууд дахин шуугиантай байсан ч, хөлөг Ио дагуулд улам ойртсоор байх үед зургууд гэнэт эрс сайжирч эхэлжээ. 2023 оны 12-р сарын 30-нд, Ио-гийн гадаргуугаас ердөө 930 милийн зайд хамгийн ойрхон нислэг хийж байх үеэр авсан зургууд нь тод, нарийвчлал өндөртэй байв.

JunoCam Ио-гийн хүхрийн диоксидын цантай уулсыг, идэвхтэй галт уулын лавын урсгалуудыг дэлхийд илгээж чадсан. Ингээд камер дахин бүрэн ажиллагаанд орсныг албан ёсоор батлав.

Сансрын камер засвараас цааш

Энд хүрээд зогссонгүй. Инженерүүд энэ аргыг хөлгийн бусад шинжлэх ухааны багаж, инженерийн дэд системүүдэд мөн ашиглаж эхэлжээ.

Juno нь хөөрснөөсөө хойш Бархасбадь гаригыг 74 удаа тойрсон. Хамгийн сүүлд өнгөрөхдөө камер дахин бага зэрэг шуугиантай зураг илгээсэн ч энэ удаа баг нь анхааралтай, туршлагатай, засах арга хэрэгсэлтэй байлаа.

“Juno бидэнд сансрын хөлгийг цацрагт тэсвэртэйгээр бүтээж, удаан хугацаанд ажиллуулах аргыг зааж байна,” хэмээн Juno төслийн удирдагч Скотт Болтон хэлжээ.

“Энэ туршлага нь зөвхөн NASA-ийн төслүүд гэлтгүй, ирээдүйн ард иргэдийн хиймэл дагуул болон батлан хамгаалахын системүүдэд ч хамаатай болно.”

Энэ аяллын сургамж

Энэ түүх зөвхөн нэг камерыг аврах тухай биш. Гарцаагүй зааваргүй үед оновчтой шийдвэр гаргах, төхөөрөмжийг анхны насжилтаас нь хэтрүүлэн ашиглах туршлагын тухай юм.

Сансар бол туйлын хүнд нөхцөл. JunoCam мөнх оршихоор бүтээгдээгүй ч ухаалаг сэтгэлгээ, зоригтой алхам, энгийн “халаалт”-ын ачаар амьдралын хоёр дахь боломжийг олж авсан. Тэр одоо ч зураг авч байна.

Эх сурвалж:

Earth.com

What do you think?

Шекспирийн “Алга болсон он жилүүд”

Шекспирийн “Алга болсон он жилүүд”

Аморим Манчестер Юнайтедийн тоглогчдод ДАШТ-ий талаар анхааруулга өглөө

Аморим Манчестер Юнайтедийн тоглогчдод ДАШТ-ий талаар анхааруулга өглөө