Хиймэл оюун ухаан крипто залилангийн шинэ эрин үеийг нээж байна
Хиймэл оюун ухаан (AI) технологийг амжилттай нэвтрүүлж чадсан нэгэн мэргэжил гарч ирлээ: Крипто залилан. Блокчейн судалгааны компани TRM Labs-ийн тайланд дурдсанаар, крипто залилангийн тоо өнгөрсөн жилээс 456 хувиар өссөн байна. Энэ нь хиймэл оюун ухааны хэрэгслүүдээр гүн хуурамч аудио, видео бичлэгүүдийг үйлдвэрлэх чадвартай болсонтой холбоотой бөгөөд OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтманы “залилангийн хямрал ойртож байна” гэсэн таамаглалыг баталж байна.
Залилангийн нөхцөл байдал үнэхээр хүндэрч байгаа нь тодорхой. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) 2024 онд криптовалюттай холбоотой 150,000 орчим залилангийн гомдол хүлээн авсан бөгөөд нийт 3.9 тэрбум ам.доллар буюу 13.6 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж мэдээлжээ. Дэлхий даяар энэ тоо 10.7 тэрбум ам.доллар буюу 37.4 их наяд төгрөгт хүрч байна гэж TRM Labs-ийн мэдээлэлд дурдсан байна. TRM Labs-ийн бодлогын албаны дарга Ари Редборд Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа хохирогчдын зөвхөн 15 хувь нь л эдгээр гэмт хэргийг мэдээлдэг гэж хэлжээ.
Эдгээр залилан нь сүүлийн жилүүдэд түгээмэл болсон “гахай нядлах” халдлагын шинэ шат юм. Хиймэл оюун ухаан одоо залилан хийдэг хүмүүсийг бодит мэт харагдах, сонсогдох аудио, видео бүтээх боломжтой болгож, хүмүүсийг бодит хүнтэй, магадгүй хайртай хүнтэйгээ ярьж байгаа мэтээр хуурч байна. TRM Labs-ийн анхааруулснаар, AI загварууд имэйл болон бусад аппликейшнтэй харилцах чадвартай болохын хэрээр залилангийн үйл явц автоматжиж, илүү өргөн хүрээтэй болох юм.
Өнгөрсөн долоо хоногт Сэм Олтман энэ асуудлыг анхааруулж эхэлсэн бөгөөд зөвхөн залилангийн талаар санаа зовохоос гадна одоо байгаа аюулгүй байдлын системүүд маань ялагдаж байгааг онцолсон. Банкны зохицуулалтын бага хурал дээр Олтман AI нь хүний хувийн мэдээллийг баталгаажуулах ихэнх үйлчилгээг “бүрэн ялан дийлсэн” гэж хэлжээ.
“Нийгэм энэ асуудлыг ерөнхийдөө шийдвэрлэх хэрэгтэй” гэж Олтман хэлсэн бөгөөд өөрийн компани энэ сарын эхээр ChatGPT Agent-ийг танилцуулсан байна. Энэ нь компьютерийг хүн шиг удирдаж, аппликейшнүүдийн хооронд шилжиж, олон шат дамжлагатай даалгавруудыг гүйцэтгэх чадвартай юм. Олтманы залилангийн сүйрлийн талаархи анхааруулга нь хиймэл оюун ухааны ерөнхий эрсдлийн талаар AI-ийн удирдлагуудын өгч буй ерөнхий анхааруулгатай төстэй бөгөөд “Энэ үнэхээр муу байж болох ч бид зогсохгүй” гэсэн утгатай юм.
Эх сурвалж:
Sam Altman Is Right: AI-Powered Crypto Scams Are Exploding
AI’s true use case reveals itself.