Сансар огторгуйг насан туршдаа судалдаг эрдэмтдийг ч гайхшруулах нээлт хийгдлээ. Нарны аймгийг ихэнхдээ цөөн хэдэн гараг болон хоосон орон зай гэж ойлгодог. Гэвч сүүлийн үеийн судалгаа бид халуун, нягт багатай бүсэд оршин амьдарч байгааг, түүнээс ч цааш од хоорондын хачирхалтай сувгаар алс ододтой холбогдож болохыг харуулж байна.
Олон жилийн нарийвчилсан зураглалын дараа Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэд eRosita дурангийн өгөгдлийг ашиглан хийсэн шинжилгээгээр нарны аймгаас эх авч оддын орд руу чиглэсэн халуун, плазмын суваг илэрчээ. Судалгааг ахалсан доктор Л.Л. Сала болон түүний хамт олон энэхүү үр дүнгээ Astronomy & Astrophysics сэтгүүлд нийтэлсэн байна.
Орон нутгийн халуун бөмбөлөг
Эрдэмтэд удаан хугацаанд манай нарны аймаг “Local Hot Bubble” (орон нутгийн халуун бөмбөлөг) хэмээх онцгой бүсэд байрлаж байгааг мэддэг байв. Ойролцоогоор 300 гэрлийн жилийн өргөнтэй энэ бүс нь хүчтэй суперновагийн дэлбэрлэлтээс үүссэн гэж үздэг.
Дэлбэрэлтүүд орчны хийг халууцуулж, нягтрал багатай өндөр температурын орчныг бий болгосон. Эртний тэсрэлтийн ул мөр өнөөдөр ч халуун плазмын бүдэг тархалтаар хадгалагдан үлдсэн байдаг.
Рентген дурангийн тусламжтай нээлт
Энэ орчныг илүү сайн ойлгохын тулд eRosita рентген дуран тэнгэрийг бүхэлд нь судалж, зөөлөн рентген туяаны цацрал цуглуулсан. Ингэснээр эрдэмтэд суперновагийн үлдэгдэл, халуун хий, тоосны хонхор, од хоорондын бүтцийг нарийвчлан судлах боломжтой болсон.
eRosita болон өмнөх ROSAT хөтөлбөрийн өгөгдлийг хослуулснаар илүү нарийн 3D зураглал гарч, орчны халуун плазмын бүдэг гэрэл илүү тод ялгарчээ.
Сансрын нууцлаг хонгил
Судалгаагаар Центаврын орд руу чиглэсэн мэт харагдах халуун плазмын суваг илэрсэн нь хамгийн сонирхолтой үр дүн байв. Энэ бүтэц манай орчмыг алслагдсан оддын системтэй холбож байгаа бололтой. Мөн Том Нохой (Canis Major) ордын зүг чиглэсэн өөр нэгэн суваг илэрсэн бөгөөд эдгээр нь од үүсэж буй бүс болон халсан хийн халаасуудын хооронд сүлжилдсэн өргөн сүлжээний нэг хэсэг байх магадлалтай.

Хуучин онол батлагдав
Өмнө нь зарим эрдэмтэд од хоорондын орон зайд холбогдсон хонхоруудын сүлжээ байж болохыг таамаглаж байсан ч баттай нотолгоо дутуу байв. Харин одоо eRosita-гийн өгөгдөл энэ таамгийг баталж, суперновагийн дэлбэрэлтүүд од хоорондын орчныг хэрхэн сүлжилдсэн бүтэц болгон хувиргасныг нотолж байна.
Хоосон сансар биш
Сансрыг хоосон гэж төсөөлөх нь буруу. Нарны аймаг од хоорондын орчинд байрлаж байгаа бөгөөд тоос, хий, плазм, соронзон орон зэрэг олон хүчин зүйлсийн харилцан үйлчлэл түүнийг маш нарийн төвөгтэй болгож байна.
Сүүлийн судалгаагаар LHB-ийн дундаж дулааны даралт таамагласнаас бага байгаа нь бөмбөлөг зарим чиглэлд нээлттэй байж болохыг илтгэж байна.
Ирээдүйн судалгаа
Халуун бүсийн бүтцийг бүрэн тайлж чадаагүй ч энэ нээлт нь бидний мэдлэгийг нэг алхам урагшлууллаа. Ирээдүйд илүү нарийвчилсан багаж, шинэ рентген дурангийн тусламжтайгаар эдгээр сувгууд хэрхэн үүсэж, хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг илүү тодорхой ойлгох боломжтой болно.
Дүгнэлт
“Од хоорондын хонгил”-ын илрэл нь бидний сансар огторгуйг илүү өргөн хүрээнд ойлгоход чухал алхам боллоо. Нарны аймаг маань өнөөдөр санамсаргүйгээр энэхүү бөмбөлгийн төвд байрлаж буй нь эртний суперновагийн тэсрэлтийн ул мөрийг бидэнд ойроос судлах боломж олгож байна.
Энэхүү судалгааны бүтэн эхийг Astronomy & Astrophysics сэтгүүлээс унших боломжтой.