Александр Исак Ливерпүүлд нэгдсэнд Дэн Бөрн амжилт хүслээ
Ньюкаслын довтлогч асан Александр Исак Премьер лигийн аварга Ливерпүүл клубт 125 сая фунтын дээд амжилтаар нэгдэж, зуны хамгийн их анхаарал татсан наймааны нэг албан ёсоор дуусгавар боллоо. Энэ шилжилтэд Ньюкаслын төвийн хамгаалагч Дэн Бөрн “Сайн сайхныг хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Исакын Анфилд рүү хийх зам төвөгтэй, маргаантай байсан ч эцэст нь Ньюкаслын зүгээс шийдвэр гаргаж, довтлогчоо явуулахыг зөвшөөрсөн юм. Швед довтлогч бэлтгэлд оролцохоос татгалзаж, клубын амлалтыг зөрчсөн гэж мэдэгдсэн нь багийн уур амьсгалыг эвдэж эхэлсэн. Гэвч Ник Вольтемаде болон Йоан Висса нарыг оронд нь элсүүлснээр Ньюкасл энэ наймааг зөвшөөрч, шинэ улирлын бэлтгэлээ цэгцэлжээ.
Клубын зүгээс Исакын явсан тухай тун хураангуй мэдэгдэл гаргасан бөгөөд түүний оруулсан гоолууд болон өнгөрсөн улиралд EFL цомд хүрсэн амжилтыг нь дурдалгүй орхисон нь олон хүний анхаарлыг татав.
Исак өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан Ньюкаслын хөгжөөн дэмжигчид болон клубт талархал илэрхийлж, “Мартагдашгүй 3 жил”-ийг хамтдаа туулсандаа талархаж буйгаа илэрхийлсэн. Харин Энтони Гордон, Свен Ботман зэрэг хамтрагчид нь түүнийг явсанд хүндэтгэлтэй хандаж, үдсэн юм.
Английн шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтод бэлтгэж буй Дэн Бөрн хэвлэлийн бага хурлын үеэр Исакын шилжилтийн талаар сэтгүүлчдийн асуултад ингэж хариулжээ:
“Энэ саг эцэслэж, бүх зүйл тодорхой болсон нь сайхан санагдаж байна. Би хөлбөмбөгт хангалттай хугацаанд тоглосон болохоор тоглогчдын карьер богино, хүсэл тэмүүлэлтэй байдал ямар чухал болохыг мэднэ. Алекс бол миний сайн найз. Би түүнийг Ньюкаслд үлдээсэй гэж хүссэн. Гэхдээ түүний хувийн хэрэгцээг ойлгож байна. Тиймээс түүнд зөвхөн сайн сайхныг хүсэж байна.”
Мөн тэрээр хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөлийг ойлгож буйгаа илэрхийлээд:
“Ньюкаслын фенүүд бидэнтэй адил клуб болон хотдоо хайртай. Тийм ч учраас зөвхөн энд тоглохыг хүсдэг тоглогчдыг хүлээн зөвшөөрдөг. Тэдний бухимдлыг ойлгож байна. Харин Ливерпүүлтэй тоглох үед л түүнд амжилт хүсэхгүй дээ” хэмээн инээд хөөртэйгөөр хариулжээ.
Эх сурвалж: 101greatgoals