Нарны цацрагаар ажилладаг шинэ технологи: TARS
Одон орон судлаачид оддын хооронд аялах шинэ, илүү хялбар арга зам олж нээжээ. Энэ нь “Нарны цацрагаар ажилладаг эргэлтийн хурдасгуур” буюу TARS хэмээх шинэлэг санаатай холбоотой юм. Уг төхөөрөмж нь нарны эрчим хүчээр ажилладаг центрифуг бөгөөд жижиг сансрын хөлгийг нарны аймгаас гадагш хаяхад шаардлагатай хурднаас давсан хурдаар шидэж чадна.
Колумбын их сургуулийн одон орон судлалын профессор Дэвид Киппингийн боловсруулсан энэхүү санаа нь 2014 оны Interstellar кинонд гардаг алдарт роботын нэрээр нэрлэгдсэн. TARS нь цөмийн реактор, гигаваттын лазер, эсвэл химийн пуужин шаардахгүй, харин түүний гоо үзэсгэлэн нь энгийн байдалд оршдог.
Киппингийн тайлбарласнаар TARS нь хоёр сэнстэй байх ба тус бүрийн нэг тал нь тусгалтай, нөгөө тал нь хар өнгөтэй байна. Эдгээр сэнсүүд нь 180 градусын өнцгөөр байрлах бөгөөд тусгалтай талууд нарны гэрлээс ирэх даралтыг ашиглан төхөөрөмжийг эргүүлэх зарчмаар ажиллана. Энэ эргэлт нь аажмаар нэмэгдэж, улмаар сансрын хөлгийг маш өндөр хурдаар шидэх боломжийг бүрдүүлдэг.
Судалгаанд дурдсанаар, уг төхөөрөмжийн хоёр сэнсийг 2.8 микрон зузаантай, 7 метр өргөн, 63 метр урт уяагаар холбох бөгөөд гурав орчим жилийн турш эргүүлсний дараа жижиг хэмжээтэй сансрын хөлгийг секундэд 12.1 км хурдтайгаар хөөргөх боломжтой аж. Энэ нь нарны аймгаас гарахад шаардлагатай 42 км/сек хурдад ойртож буй үзүүлэлт юм.
Гэсэн ч энэ хурдаар Альфа Центавра одны аймагт хүрэхэд 30,000 жил шаардлагатай. Иймд илүү богино хугацаанд хүрэхийн тулд хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хамгийн чухал зүйл бол ашиглагдах материалын бат бөх чанар юм. Киппингийн үзэж байгаагаар одоогийн хамгийн бат бөх материал бол нүүрстөрөгчийн нанотүб бөгөөд ирээдүйд графен үйлдвэрлэх боломж нээгдсэнээр энэхүү технологи улам бүр төгөлдөржих боломжтой гэнэ.

TARS нь одоогоор зөвхөн онолын түвшинд байгаа ч зарим хувийн сансрын нислэгийн компаниуд уг санааг сонирхож, ирээдүйн нислэгт TARS-ийн жижиг загварыг үнэ төлбөргүй тээвэрлэх санал тавьжээ. Киппингийн үзэж байгаагаар энэхүү төхөөрөмж нь инженерийн оюутнуудын бие даан бүтээхүйц, бодит төсөл болж чадна.
“Хүмүүс надаас ‘яагаад гурван зууны дараа хэн нэгэн warp drive зохион бүтээхийг хүлээхгүй байгаа юм бэ?’ гэж асуудаг. Харин би одооноос эхэлбэл, ирээдүйд үр дүн нь гарна гэж боддог” хэмээн Киппинг онцолсон байна.
TARS-ийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дэвид Киппинг болон түүний хамтрагч Лампо нарын судалгаанаас Astro-ph сэтгүүлээс уншиж болно.
📎 Эх сурвалж: Space.com