Байер Леверкузен шинэ дасгалжуулагчаар Каспер Хьюлмандыг томиллоо
Бундеслигийн өнгөрсөн улирлын дэд байрт бичигдсэн Байер Леверкузен клуб удирдлагын томоохон өөрчлөлт хийж, Данийн шигшээ багийн хуучин дасгалжуулагч Каспер Хьюлмандыг томиллоо. Энэ нь Эрик тен Хагийн богино хугацааны удирдлагын дараа гарсан шийдвэр юм.
Our new head coach – Kasper Hjulmand takes charge of the Werkself until 2027! 🤝 pic.twitter.com/0anwKDo0Wq
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) September 8, 2025
Тен Хагийн богинохон, шүүмжлэл дагуулсан үе
Эрик тен Хаг ердөө гурван тоглолтын дараа ажлаасаа халагдсан бөгөөд түүний удирдлага дор тоглогчид тактикийн ойлголцолгүй байж, багийн уур амьсгал хурцадмал байсан талаар дотоод эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр 2024 онд Хаби Алонсо авчирсан Бундеслигийн аваргын цомыг эргүүлэн авах зорилготой байсан ч энэ улиралд Байерн Мюнхенд түрүүлж, түүний байр суурь ганхсан байна.
Хьюлманд хоёр жилийн гэрээгээр томилогдов
53 настай Хьюлманд БайАрена цэнгэлдэх хүрээлэнд хоёр жилийн гэрээгээр ажиллах бөгөөд клубын шинэ эрин үеийг эхлүүлэх үүрэгтэй. Тэрээр өмнө нь Данийн шигшээ багийг удирдан Евро 2024 тэмцээний 16-гийн шатанд хүрч байсан ч Германд 2-0 харьцаатай хожигдсоны дараа ажлаа өгч байв. Мөн 2014/15 оны улиралд Германы Майнц багийг удирдаж байсан туршлагатай.
Байер клуб Хьюлмандыг удаан хугацаанд сонирхож байсан
Байер Леверкузен клубын спортын захирал Саймон Ролфес:
“Бид Каспер Хьюлмандыг олон жилийн турш ажиглаж ирсэн. Түүний мэргэжлийн ур чадвар, тоглолтын философи нь манай клубийн үнэ цэнтэй бүрэн нийцдэг. Түүний туслах дасгалжуулагч Исмаэль Каменфорте өмнө нь бидэнтэй ажиллаж байсан бөгөөд Касперын арга барил бидэнд сайн танил. Тэр бол биднийг үндэсний болон олон улсын түвшинд амжилтад хүргэх зөв хүн” хэмээн онцолжээ.
Хьюлманд клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа:
“Байер Леверкузен бол маш сайн бүтэцтэй, өндөр амбицтай клуб. Ийм байгууллагыг удирдах нь нэр төрийн хэрэг. Өнгөрсөн амжилтуудын үндсэн дээр би шинэ тоглогчид, бүрэлдэхүүнтэй хамт ирээдүйг бүтээхээр баяртай байна” гэжээ.
Тен Хагийн сэтгэл дундуур мэдэгдэл
Тен Хаг халагдсандаа гүнээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, өөрт нь хангалттай хугацаа, итгэл өгөөгүй хэмээн шүүмжилсэн юм. Түүний төлөөлөгч SEG Football-ийн мэдэгдэлд:
“Ердөө хоёр тоглолтын дараа дасгалжуулагчтай гэрээ цуцлах нь урьд өмнө байгаагүй явдал. Багийг шинэчлэх, үзэл баримтлал тогтоох, тоглогчдыг бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй. Харамсалтай нь энэ боломж олгогдоогүй” гэж дурджээ.
Эх сурвалж: 101greatgoals