Жэйк Пол мэргэжлийн боксын ертөнцөд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэгээ байнга онцолдог. Гэвч тэрээр саяхан 58 настай домогт Майк Тайсон, Хулио Сезар Чавез Жуниорыг дараалан ялсны дараа энэ удаа жин болон туршлагын хувьд тэс өөр түвшний өрсөлдөгчтэй буюу Гервонта “Танк” Дэвистэй 11-р сарын 14-нд тулалдахаар бэлдэж байна.
Тулаанчдын биеийн үзүүлэлтүүд харьцуулшгүй. Пол 185 см өндөртэй, сүүлийн тулаандаа 95 кг орчим жинтэй байсан бол Дэвис 165 см өндөр, ихэнх тулаанаа 61 кг-аас доош жинд хийсэн, жинхэнэ аварга боксчин. Энэ нь Пол өрсөлдөгчөөсөө 45 кг илүү жинтэй тулах магадлалтай гэсэн үг.
UFC-ийн ахмад тулаанч Мэтт Браун үүнийг шүүмжлэхийн оронд, харин ч дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Би циркийн үзүүлбэрт дуртай. Жэйк Пол намайг үүнд оруулж чадсан. Энэ нь маркетинг байж магадгүй, эсвэл зүгээр л шоу ч байж мэднэ. Гэхдээ би энэ тулааныг үзэхийг хүсэж байна. Учир нь би Танк Дэвисийг үзэх дуртай” хэмээн хэлжээ.
2021 онд Логан Пол Флойд Мэйвезертэй үзүүлбэрийн тулаанд оролцож, 1 сая гаруй pay-per-view борлуулалт хийж байсан. Тэр үед Мэйвезер мэргэжлийн карьераа дуусгасан байсан ч шоу тулаанаар их хэмжээний ашиг олсон байдаг. Жэйк Полын шинэ тулаан ч үүнтэй адил, спортын бус шоу хэлбэртэй байх магадлалтай гэж үзэж байна.
Гэсэн ч Брауны хэлснээр, хэрэв Танк Дэвис тулаанд бүрэн анхаарлаа төвлөрүүлж, жинхэнэ хандлагаар орвол Жэйк Полыг хялбархан ялна. “Хэрэв Танк бүрэн бэлтгэлтэй, сэтгэлзүйн хувьд төвлөрсөн байж чадвал, Полыг амархан дуусгана. Харин бэлтгэлгүй, тоглоом шиг хандвал өөр үр дүн гарахыг үгүйсгэхгүй” хэмээн тэр хэлжээ.
Энэ тулаан Netflix стриминг платформоор цацагдах бөгөөд уламжлалт pay-per-view борлуулалтаас татгалзсан нь салбарын шинэ чиг хандлагыг илтгэж байна. Брауны дүгнэснээр, “Жэйк Пол бол Америкийн Fight Circus. Энэ бол жинхэнэ цирк. Үүнийг бид ойлгох ёстой.”
Ямар ч үр дүн гарсан бай, Пол өөрийгөө ирээдүйн аварга хэмээн сурталчилж, дараагийн шуугиант тулаанаа төлөвлөх нь гарцаагүй юм. Тэр хүмүүсийн анхаарлыг татаж, боксын орчинг улам илүү шоу руу хөтлөх чиглэлд тууштай явж байна.
Эх сурвалж: MMAFighting