Белград хотноо зохиогдож буй FISSURE Playground 2 тэмцээнд Монголын бахархал болсон The MongolZ дахин финалын тавцанд гарлаа. Тэд хагас шигшээд дэлхийн топ багуудын нэг Liquid-ийг илт давуу тоглолтоор буулган авч, 2025 оны хоёр дахь цомын төлөө өрсөлдөх эрхээ халаасаллаа.
Тоглолт Dust2 map дээр эхэлсэн бөгөөд The MongolZ Liquid-ийг 13-3 гэсэн онооны харьцаатай бут ниргэж, хүчтэй эхлэл хийв. Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн энэ мап дээр 105 ADR, +11.89 round swing үзүүлж, 1.82 онооны үнэлгээгээр багийн тэргүүн тоглогчоор тодорсон юм. Түүний тоглолт халуухан байсны зэрэгцээ багийн бусад гишүүд ч жигд сайн байсан нь Liquid-ийн эсэргүүцлийг мохоолоо.
Хоёр дахь мап болох Mirage дээр The MongolZ ялалтаа баталгаажуулах дөхсөн ч Liquid тэмцэл үзүүлсээр тоглолтыг гурав дахь мап руу шилжүүлсэн. Гэсэн ч Ancient map дээр манай залуус дахиад л давуу байж, ялалтаа албажуулсан юм.
Энэ тоглолт нь мөн Russel “Twistzz” Van Dulken-ийн Liquid багтай хийсэн сүүлчийн тоглолт байсан бөгөөд The MongolZ түүний “салах ёс”-ыг зогсоож, түүхэнд үлдэхүйц ялалтыг байгууллаа.