Судлаачдын шинэ судалгаагаар “Усан ертөнц” хэмээн нэрлэгддэг суб-Нептун гаригууд нь бидний төсөөлж байсан шигээ усан далайгаар бүрхэгдсэн биш, харин хуурай, цөл мэт гадаргуутай байх магадлалтайг харуулж байна.
Эдгээр гаригууд нь Дэлхийгээс том, Далайн ван гарагаас жижиг хэмжээтэй бөгөөд оддын системийн захад үүсэж, мөсөн бодис хуримтлуулдаг гэж урьд нь үздэг байв. Харин одоо ETH Zürich-ийн физикийн туслах профессор Каролин Дорн болон түүний багийн судалгаагаар тэдгээр гаригууд нь устөрөгчийн хийн зузаан бүрхүүлтэй бөгөөд хайлсан чулуулаг бүхий гүн давхаргатай болохыг харуулжээ. Энэ судалгаанд магма болон агаар мандлын химийн харилцан үйлчлэлийг багтаасан нь онцлог аж.
Судалгааны баг нийт 248 төрлийн загвар гаригийг шинжилсэн бөгөөд ус нь гаригийн нийт массын 50 хувийг эзэлдэг “Hycean” төрлийн гаригууд маш ховор болохыг тогтоожээ. “10-90 хувийн ус агуулсан гаригууд бараг л байхгүй” гэж Каролин Дорн тэмдэглэсэн байна.
Энэхүү дүгнэлт нь астробиологийн судалгаанд маш чухал юм. Хэрэв усан орчин бүхий том гаригууд үгүй бол, амьдрал үүсэх таатай нөхцөл нь зөвхөн Дэлхийтэй төстэй жижиг, чулуурхаг гаригуудад хамаарах магадлалтай. Гэсэн ч K2-18b гэх гариг нь энэхүү боломжийг үгүйсгээгүй бөгөөд энэ нь суб-Нептун ангилалд багтдаг, манай нарны аймагт байхгүй боловч галактик даяар элбэг тохиолддог гариг юм.
Судалгааны үр дүн нь Дэлхий гаригийг онцгой биш байж мэдэхийг ч илтгэж байна. Бидний эх дэлхий нь сансарт орших олон гаригийн нэгэн адил бага хэмжээний ус агуулсан, энгийн бүтэцтэй гариг байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Энэхүү судалгаа 2025 оны 9-р сарын 18-нд The Astrophysical Journal Letters сэтгүүлд хэвлэгдсэн байна.
🔗 Эх сурвалж: Space.com