Винс Картерын домогт үсрэлт: 25 жилийн дараа
Сагсан бөмбөг сонирхогч бүрийн зүрхэнд хоногшсон нэгэн агшин бий. 2000 оны Сиднейн Олимпод Винс Картер Францын төвийн тоглогчийн дээгүүр үсэрч, тохсон нь 25 жилийн дараа ч спортын ертөнцийн хамгийн домогт мөч хэвээр үлджээ.
Тэрхүү гайхалтай агшин 2000 оны 9-р сарын 25-нд АНУ, Францын шигшээ багуудын тоглолтын үеэр болсон. АНУ 106-94-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан ч тоглолтын тавцангаас илүүтэй Картерын үсрэлт л дэлхий даяар шуугиан тарьсан юм.
Хоёрдугаар хагасын эхэнд Гэри Пэйтоны довтолгоогоо алдахад Вин Бэйкер болон Францын тоглогч Фредерик Вэйс нар бөмбөгийн төлөө өрсөлдөж байв. Гэтэл ард нь байсан Картер бөмбөгийг таслан авч, 7 фут 2 инч (220 см) өндөртэй Вэйсийн дээгүүр үсэрч давсан нь үзэгчдийг гайхшруулж, Францын хэвлэлд “Үхлийн үсрэлт” хэмээн нэрлэгдэх болсон юм.
Хожим Вэйс энэ талаар дурсахдаа: “Хүмүүс үнэхээр нисэж чаддаг юм байна” хэмээн хэлсэн байдаг. Картер тухайн үед “Air Canada”, “Vinsanity”, “Half-Man/Half-Amazing” зэрэг хочоороо алдартай байсан ч, тэр данк л түүний нэрийг бүр ч тод бичиж үлдээсэн юм.
Картерын хувьд 2000 он ер бусын жил байлаа. NBA-ийн Slam Dunk Contest-д гайхалтай үзүүлэлт үзүүлж түрүүлсний дараахан All-Star тоглолтод анх удаа оролцсон. Харин зун нь АНУ-ын шигшээд багтан алтан медаль хүртсэн бөгөөд тухайн багийн хамгийн залуу гишүүн байв.
2020 онд тоглогчийн замналаа өндөрлүүлсэн Картер ESPN, Turner Sports-д шинжээчээр ажиллаж байгаад энэ улиралд NBC-д нэгдэж байна. Өдгөө тэр бусдын үсрэлтийг дүгнэж байгаа ч, түүний өөрийнх нь “Нисэлт” бидний дурсамжинд үргэлж амьд хэвээр байх болно.
Эх сурвалж: The Athletic