Хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт хэт ихдэж байна уу?
Хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт зогсолтгүй нэмэгдэж, зах зээлийн өсөлтийг чирж яваа мэт харагдаж байна. Nvidia компани OpenAI-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан бол OpenAI 500 тэрбум ам.долларын өртөгтэй эхний төслөө дуусгахаас өмнө илүү том дата төвүүд байгуулахаар төлөвлөж байна.
Гэвч эдгээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт эцэстээ үр өгөөжөө өгөх үү гэдэгт эргэлзэх хүмүүс нэмэгдэж байна. Deutsche Bank-ийн ахлах эдийн засагч Жорж Саравелосын үзэж байгаагаар, хиймэл оюун ухааны салбарын зардал “параболик” буюу хэт огцом өсөлттэй байгаа нь эдийн засгийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Тэрээр “Хиймэл оюун ухааны машин нь АНУ-ын эдийн засгийг одоо аврахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч энэ өсөлт хязгааргүй үргэлжилнэ гэж үзэх нь эрсдэлтэй” хэмээн Fortune сэтгүүлд бичжээ. Wall Street Journal-ийн мэдээлснээр ч, 2025 оны эхний хагаст АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хиймэл оюун ухааны салбар хэрэглэгчдийн зардлаас ч илүү нөлөө үзүүлсэн байна.
Nvidia ба АНУ-ын эдийн засаг
Саравелосын тайлбарласнаар, Nvidia компанийн хэт төвлөрсөн өсөлт нь АНУ-ын нийт эдийн засгийн өсөлтийн ачааг дангаар үүрэх хэмжээнд хүрээд байгаа. Гэвч энэ нь технологийн салбар үргэлж ижил хурдаар өснө гэсэн үг биш. Түүний хэлснээр, “ДНБ-ий өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулахын тулд технологийн хөрөнгө оруулалт одоогийнх шигээ параболик хэвээр байх ёстой. Гэхдээ энэ нь маш магадлал багатай.”
Түүнчлэн Apollo Global Management компанийн ерөнхий эдийн засагч Торстен Слёк “S&P 500 индексийн компаниуд хиймэл оюун ухаанд хэт их анхаарал хандуулж байна” гэж анхааруулжээ. Энэ нь бүх “өндөгийг нэг сагсанд хийж байгаа” алхам гэдгийг тэр онцолсон байна.
Хэрэгцээ огцом нэмэгдэж байна
Bain & Company-ийн судалгаагаар, хиймэл оюун ухааны тооцооллын хэрэгцээ нь Мурын хуулиас хоёр дахин хурдтай өсөж байгаа бөгөөд 2030 он гэхэд уг салбарт жил бүр хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болно гэжээ. Гэтэл өнөөгийн нөхцөлд дэлхий нийт энэ хэрэгцээг хангахад 800 тэрбум ам.доллар дутмаг байна.
Мөн MIT-ийн 2025 оны тайланд дурдсанаар, генератив хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн бизнесүүдийн зөвхөн 5% нь богино хугацаанд орлогоо нэмэгдүүлж чадсан байна. Үлдсэн 95% нь хүлээлтэд хүрээгүй эсвэл бүр алдагдал хүлээсэн байна.
Бөмбөлөг хэзээ хагарах вэ?
Эцэст нь, хиймэл оюун ухаанд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай юу, эсвэл бид нэгэнт хэтэрхий хол явсан уу гэдэг асуулт гарч ирж байна. 500 тэрбум ам.долларын шинэ төсөл эхлүүлэх хэн нэгэн гарч ирэх үү, үгүй юу — энэ бол технологийн ирээдүйг тодорхойлох асуулт байж магадгүй.
📎 Эх сурвалж: Gizmodo