Хүн төрөлхтөнд зориулсан олон үе дамжсан хөлөг: Хризалис төсөл
Хүн төрөлхтөн анх удаа өөр нарны аймаг руу олон зууны турш үргэлжлэх аялалд гарах тухай бодож эхэллээ. “Хризалис” нэртэй энэ төсөл нь Альфа Центаврагийн системийг зорих, бүрэн хаалттай нийгмийг тээвэрлэх сансрын хөлгийн загварыг танилцуулж байна. Хэрэв хэрэгжвэл энэхүү хөлөг 2,400 хүнийг 36 миль (57.94 км) урт орон сууцтай эргэлддэг хөлгөөр 400 жилийн турш сансар огторгуйг туулан авч явах болно.
Сансрын ийм аялал нь буцах боломжгүй, дахин хангамж хүлээхгүй учраас хөлгийн дотоодод бүх нийгмийн тогтолцоог бүрэн байгуулж, өөрсдийгөө тэжээж, эмчилж, сургаж, үйлдвэрлэлээ зохицуулж чадах хаалттай системийг бий болгох шаардлагатай. Энэ утгаараа Хризалис нь нэгэн төрлийн тусгаарлагдсан ертөнц болон төлөвлөгджээ.
Төслийг Initiative for Interstellar Studies (I4IS)-ийн гүйцэтгэх захирал доктор Андреас Хейн удирдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний эрдэмтэд, инженерүүд хамтран олон зууны турш орших нийгмийг хэрхэн бүтээх талаар нарийвчлан судалж байна. Тэдний санал болгож буй хандлагын дагуу, хөлөгт суух эхний үеийнхэн Дэлхий дээр урт хугацааны сургалт, дадлага хийж, Антарктидын тусгаарлагдсан судалгааны станцуудад 70-80 жил амьдрах замаар хязгаарлагдмал орчинд дасан зохицох чадвараа хөгжүүлэх аж.
Хөлгийн зохион байгуулалт нь төв тэнхлэгийн эргэн тойронд үе шаттайгаар давхарласан бүтэцтэй. Дотоод хэсэгт ургамал, мөөг, бичил биетэн, шавьж болон зарим мал амьтдыг өсгөх хяналттай фермүүд байрлах бол, дунд бүсэд сургууль, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, номын сан зэргийг төлөвлөжээ. Гадна талд үйлдвэрлэл, агуулах, техник засварын хэсгүүд оршино. Ийнхүү орон сууц, үйлдвэрлэл, сургалт, хөдөө аж ахуй зэрэг бүх салбарууд зохион байгуулалтын хувьд нягт уялдаатай байна.
Аяллын төгсгөл биш, харин шинэ эхлэл нь Альфа Центаврагийн систем дэх Проксима Центавра b гариг байх магадлалтай. Энэ нь шингэн ус орших бүсэд байрладаг бөгөөд дэлхийтэй төстэй нөхцөл бүрдүүлж болзошгүй. Хөлөг зорьсон системдээ хүрмэгц, дотоодын буултын хөлгүүд баг, тоног төхөөрөмжийг гариг руу зөөвөрлөхөөр төлөвлөгджээ. Ийнхүү буулт нь эцсийн цэг бус, харин ирээдүйн суурьших амьдралын эхлэл байх юм.
Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хөлөгт хиймэл таталцал үүсгэх тогтмол эргэлтийг ашиглана. Энэ нь булчин, яс, зүрх судасны системийн доройтлоос сэргийлэх эрүүл мэндийн чухал шийдэл юм. Харин эргэлт хэт хурдан бол тэнцвэр алдагдах эрсдэлтэй тул давхарласан бүтэц нь радиус болон эргэлтийн хурдад уян хатан тохиргоо хийх боломжийг олгодог.
Олон зуун жилийн туршид цацрагийн хордлого томоохон аюул болох тул хамгаалалтын гол арга хэмжээ нь хөлгийн бүтцийн материал, бүрхүүлүүдийн массыг зөв ашиглах явдал. Ингэснээр гадны цацрагийг дотоод орчинд нэвтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд судлаачид цөмийн нэгдлийн технологийг сонгожээ. Хэдийгээр энэ нь өнөөгийн түвшинд бүрэн хөгжөөгүй ч, ирэх хэдэн арван жилд ашиглах боломжтой болох өндөр магадлалтай. Эрчим хүч үйлдвэрлэл, дахин боловсруулалт, амьдралын дэмжлэг үзүүлэх системүүдийг хөлгийн бүхий л давхаргад тараан байрлуулж, ганц цэгийн алдаанаас сэргийлэх бүтэц бий болгосон.
Хризалис төсөл 2025 оны олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бөгөөд шүүгчид техникийн гүн гүнзгий боловсруулалт, нийгмийн уялдаа холбоо, уран бүтээлч загварыг онцлон үнэлжээ. Төслийн үндсэн санаа нь зөвхөн нислэгийн хэрэгсэл төлөвлөхөөс илүү нийгэм, соёл, боловсрол, засаглал, хүн ам зүйн зохистой тэнцвэрийг бий болгох тухайд чиглэж байгаа юм.
Хөлөгт суух багийн гишүүд аяллын туршид тасралтгүй сургалтад хамрагдаж, буултын үе шатанд хэнийг ч орлох чадвартай байх ёстой. Сургалт, мэдлэгийн дамжуулалт нь зөвхөн хичээлээр хязгаарлагдахгүй лаборатори, цех, фермтэй ойр орших сургуулиуд хүүхдүүдийг ур чадварт суурилсан бодит туршлагаар дамжуулан боловсруулна. Ийнхүү мэдлэг үе дамжин хадгалагдаж, технологийн тасалдал үүсэхээс сэргийлнэ.
Хүнсний тогтолцоо нь халуун болон сэрүүн бүсийн экосистемийг хамарсан, олон янзын амьд биет бүхий бүтэцтэй байна. Энэ нь хоол хүнсний хангамжийг тогтворжуулах, нэг ургамлын бүтэлгүйтэл бүхэл бүтэн системд сөргөөр нөлөөлөхөөс хамгаална.
Нийгмийн тогтолцоо нь ил тод, төлөвлөсөн төрөлт, хамтын шийдвэр гаргалт, нөөцийн хуваарилалтад суурилсан байна. Учир нь ийм хязгаарлагдмал нийгэмд гарсан алдаа бүр нийт системийн тэсвэртэй байдалд нөлөөлөх аюултай.
Хризалис нь инженерчлэл, нийгмийн ухаан, экологи, анагаах ухааны огтлолцолд орших ирээдүйн төсөөлөл юм. Энэ бол хүн төрөлхтөн Дэлхийг орхиж, шинэ гэрийн зүг хөвөхөд шаардлагатай зөвхөн хөдөлгүүр төдийгүй, хамтын ухамсар, зохион байгуулалтын хөгжлийн тухай асуултад өгсөн анхны том хариу байж болох юм.
Эх сурвалж: www.earth.com