in

Жэйн Гүүдолл шимпанзе судлалыг хэрхэн өөрчилсөн бэ?

Жэйн Гүүдолл шимпанзе судлалыг хэрхэн өөрчилсөн бэ?

Жэйн Гүүдоллын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

1960 оны 7-р сарын 14-нд залуухан судлаач Жэйн Гүүдолл Танзани улсын Гомбе үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөл тавьснаар шинжлэх ухааныг өөрчилсөн аялал эхэлсэн юм. Тэрээр ердөө дуран, тэмдэглэлийн дэвтрийн хамт байгалийн зэрлэг шимпанзегийн амьдралыг ажиглахаар очсон бөгөөд тэдний итгэлийг олж авахын тулд олон долоо хоног тэвчээртэй хүлээсэн байдаг. Түүний хэрэглэсэн энэхүү арга нь амьтад хүний орчинд дасах нөхцөл бүрдүүлж, өнөөдөр амьтны зан авир судлалын үндсэн аргуудаас нэг болсон билээ.

Шимпанзегийн зан төлөв, нийгмийн бүтэц, хувь хүний ялгааг анхааралтай ажигласан түүний судалгаа нь байгаль хамгаалал болон амьтны эрхийн талаарх дэлхий нийтийн ойлголтыг эрс өөрчилсөн. Дэлхий даяарх олон сая хүн түүний ажилд биширч, 2025 оны 10-р сарын 1-нд таалал төгссөнд нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Ингээд Жэйн Гүүдоллын шимпанзег судалсан таван томоохон хувь нэмрийг товчлон хүргэж байна.

1. Хүн л багаж хэрэгсэл хэрэглэдэг гэсэн ойлголтыг үгүйсгэсэн нь

Жэйн Гүүдоллын хамгийн анхны, мөн хамгийн дуулиантай нээлт бол шимпанзе ч бас багаж хэрэгсэл хийж, ашиглаж чаддаг гэдгийг тогтоосон явдал байв. 1960 оны 10-р сард тэрээр “Дэвид Грейбеард” нэртэй эр шимпанзег модны мөчир авч, навчсыг нь цэвэрлэн шоргоолжны үүр рүү шургуулж байгааг ажигласан. Энэ нь тухайн үед “зөвхөн хүн л багаж хэрэглэж чаддаг” гэх нийтлэг үзэл бодлыг эрс өөрчилсөн юм.

Үүнээс хойш шимпанзе төдийгүй олон зэрлэг амьтан байгаль дахь объектуудыг зорилготойгоор өөрчилж, ашигладаг болохыг тогтоосон бөгөөд багаж хэрэгсэл хэрэглэдэг анхны “хүн биш төрөл” гэдгийг баталсан нь шинжлэх ухаанд тэсрэлт авчирсан юм.

2. Шимпанзе бүр өөрийн гэсэн зан араншинтай

Гүүдолл судалгаандаа шимпанзег зөвхөн дугаараар дуудалгүй, хүнтэй адил нэр өгч эхэлсэн нь тухайн үед шинжлэх ухааны хүрээнд эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эцэстээ түүний зөв болох нь нотлогдсон юм. Фло, Фифи, Голиат, Фродо зэрэг нэртэй шимпанзе бүр өөрийн гэсэн зан төрхтэй байв. Жишээлбэл, Дэвид Грейбеард маш тайван, энэрэнгүй байсан бол Фродо бол түрэмгий, давамгайлах дуртай байжээ.

Энэхүү судалгаа нь амьтдын хувь хүний онцлог нь тэдний нийгмийн байр суурь, үр удмаа үлдээх чадварт хүртэл нөлөөлдөг болохыг баталсан юм.

3. Эх, үрийн холбоог анх удаа гүнзгий судалсан нь

1960-аад оны эхээр “Флинт” нэртэй шимпанзе мэндэлснээр Гүүдолл эх, үрийн харилцааг удаан хугацаанд ажиглах боломжтой болсон. Тэрээр эх шимпанзег хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг, тэдний харилцаа хэр удаан үргэлжилдэг, хүүхэд нь нийгэмд хэрхэн дасан зохицож байгааг нарийн судалсан.

Хожим энэ судалгаа нь амьтдын зан үйлийн дамжуулалт, суралцах үйл явц, нийгэмшилт хэрхэн явагддагийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Конго зэрэг бүс нутагт эх шимпанзе үр хүүхдэдээ багаж хэрэглэхийг зааж байгааг хүртэл тогтоосон байна.

4. Бат бөх, нарийн нийгмийн харилцаа

Гүүдолл шимпанзегийн дунд гэр бүл болон бүлгийн гишүүдийн хооронд бат бөх, олон жилийн харилцаа тогтдог болохыг анхлан тэмдэглэсэн юм. Тэд зөвхөн зэрэг зиндаа, хүйсээр биш, харилцан итгэлцэл дээр суурилсан дотно холбоо үүсгэж, хоол хүнсээ хүртэл хуваалцаж байгааг ажигласан байдаг.

Бүр 30 жилийн дараа ч өмнө нь харьцаж байсан шимпанзе гишүүдийг таних чадвартай байдаг нь тогтоогдсон нь тэдний нийгмийн ой санамж, холбоо, сэтгэл хөдлөлийн хүрээ тун өндөр төвшинд хөгжсөнийг баталсан юм.

5. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн анхдагч арга барил

Гүүдолл тухайн үеийн шинжлэх ухаанд ерөнхийд нь ажиглаж тэмдэглэх хэлбэр түгээмэл байхад нарийвчилсан, хувь хүн төвтэй, удаан хугацааны судалгааг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа. Тэрээр амьтдыг тоо, графикт бус, зан авир, мэдрэмж, ухаалаг байдал, харилцаагаар нь шинжиж, судалгааны шинэ парадигмийг эхлүүлсэн.

Өнөөдөр түүний эхлүүлсэн арга барилыг дэлхийн олон зуун судлаач үргэлжлүүлж, зөвхөн шимпанзе төдийгүй бусад зэрлэг амьтдын талаар гүн гүнзгий ойлголттой болоход ихээхэн нөлөөлсөөр байна.

Төгсгөлд нь

Жэйн Гүүдоллын амьдрал бол байгальтай харьцах хүний хандлага хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулсан тод жишээ юм. Түүний нээлтүүд бидний хүн төвтэй ойлголтыг эвдэж, бусад амьтдын мэдрэмж, оюун ухаан, нийгмийн оршихуйг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлсэн билээ.

Эх сурвалж: Live Science

What do you think?

Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс урт насалдаг вэ?Амьтад энэ асуултын хариуг өгч байна

Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс урт насалдаг вэ?Амьтад энэ асуултын хариуг өгч байна

NBA-гийн Баруун бүсийн анхаарал татах сэдвүүд: Лэйкерс хамгаалалтаа сайжруулах уу? Наггетс илүү олон 3 онооны шидэлт хийх үү?

NBA-гийн Баруун бүсийн анхаарал татах сэдвүүд: Лэйкерс хамгаалалтаа сайжруулах уу? Наггетс илүү олон 3 онооны шидэлт хийх үү?