in ,

Дэлхий тэртээ 4.5 тэрбум жилийн өмнө Тэйа хэмээх гаригтай мөргөлдөн амьдралыг бий болгожээ

Дэлхий тэртээ 4.5 тэрбум жилийн өмнө Тэйа хэмээх гаригтай мөргөлдөн амьдралыг бий болгожээ

Дэлхийн үүсэл: Хурдан эхлэл, амьдралын нөхцөл хэрхэн бүрдсэн бэ?

3 сая жилийн дотор бүрэлдсэн гариг

Дэлхий тун богино хугацаанд бүрэлдсэн байж болзошгүй. Шинжлэх ухааны шинэ судалгаагаар манай гариг Нарны аймаг бүрэлдсэнээс хойш ердөө гурван сая жилийн дотор үндсэн химийн найрлагаа бүрдүүлсэн болохыг тогтоожээ. Гэвч энэхүү хурдацтай үүсэл нь амьдралын үндэс болсон дэгдэмхий элементүүдийг хангалттай хэмжээгээр агуулж чадаагүй байна.

Эрдэмтдийн дүгнэснээр, эхэн үеийн Дэлхий ус, нүүрстөрөгч, органик бодис зэрэг амьдралын суурь бүрэлдэхүүнүүдээр дутмаг байсан бөгөөд эдгээр чухал нөөц нь Дэлхийн гүн бүтэц цөм, манти, царцдас бүрэлдсэний дараа л ирсэн байх магадлалтай.

Манган-53: Эртний цаг хугацааг хэмжих түлхүүр

Энэхүү эртний үйл явдлын он цагийг тодорхойлохын тулд судлаачид богино настай радио идэвхт изотоп болох манган-53-г ашиглажээ. Манган-53 нь Нарны аймгийн эхэн үед оршин байсан бөгөөд хром-53 болон задардаг онцлогтой. Энэ нь хэдхэн сая жилийн нарийвчлалтайгаар цаг хугацааг хэмжих боломжийг олгосон байна.

Судалгааны ахлагч, Швейцарийн Бернийн их сургуулийн эрдэмтэн Паскал Крутташ “Манган-53-ийн задрал дээр суурилсан өндөр нарийвчлалтай цаг хэмжилтийн системийн ачаар Дэлхийн үүсэл хэчнээн хурдан өрнөснийг тогтоох боломж бүрдсэн” хэмээн онцолжээ. Ингэснээр тэд Нарны аймаг үүссэнээс хойш ердөө гурван сая жилийн дотор Дэлхий үндсэн бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн гэдэг дүгнэлтийг хийсэн байна.

Эхлэл нь хурдан ч хуурай байжээ

Дэлхийн үүсэл хурдан өрнөсөн ч амьдралыг тэтгэхэд шаардлагатай дэгдэмхий элементүүд анхнаасаа дутагдалтай байжээ. Нарны аймгийн дотоод хэсэгт температур өндөр байсан тул чулуурхаг биетүүд нэгдэж өсөх нөхцөл бүрдсэн боловч ус, нүүрстөрөгч зэрэг дэгдэмхий нэгдлүүд конденсацлагдаж нийлэхэд хэцүү байсан байна.

Иймээс Дэлхийг бүрдүүлсэн материалууд өндөр температуртай бүсээс үүссэн бөгөөд ус, нүүрстөрөгч, хүхэр зэрэг амьдралын суурь бодисууд хомс байсан нь тогтоогджээ. Судалгаанд ашигласан изотопын шинжилгээнүүд ч энэ дүгнэлтийг нотолж, Дэлхий эхэндээ хуурай, амьдрал тэтгэх нөөц багатай байсан гэдгийг баталж байна.

Теягийн мөргөлдөөн ба усны гарал

Хэрэв Дэлхий амьдралын хувьд тийм ч таатай нөхцөлтэйгээр эхлээгүй бол түүнийг өөрчилсөн үйл явдал дараа нь тохиолдсон байх ёстой. Энэ нь Тея хэмээх Ангараг гаригийн хэмжээтэй биеттэй хийсэн мөргөлдөөн байж болзошгүй.

Тея нь Нарнаас хол, хүйтэн бүсэд үүссэн, ус болон дэгдэмхий нэгдлүүдээр баялаг биет байсан байх магадлалтай. Тэрхүү мөргөлдөөнөөр дамжин Дэлхийд ус, органик бодисууд болон бусад дутуу байсан чухал бүрэлдэхүүнүүд ирсэн байж болох юм. Мөн энэ үйл явцын үр дүнд Сар үүссэн хэмээх онол ч оршиж байна.

Судалгааны дүгнэлтээр, Дэлхий анх хуурай байснаа хожим Тея шиг биетүүдээс нэмэлт бодис авснаар ус, дэгдэмхий нэгдлүүдтэй болж, амьдралын үндэс тавигдсан гэж үзэж болно. Хэрэв энэхүү “Усны хүргэлт” байгаагүй бол Дэлхий “Амьдрах бүс”-д байрлаж байсан ч амьдрал үүсэх боломжгүй, хуурай чулуурхаг гариг хэвээр үлдэх байв.

Байршил төдийгүй хувь тавилан чухал

Энэ бүхнээс дүгнэхэд, гариг амьдрах боломжтой эсэх нь зөвхөн Нарны аль бүсэд байрлаж байгаагаар хэмжигдэхгүй. Түүх нь бас чухал. Оддынхаа ойролцоо ижил тойрог замтай хоёр гаригийн нэг нь амьдрал тэтгэхүйц орчинтой, нөгөө нь хуурай, амьдралгүй байж болно. Учир нь аль нь дэгдэмхий элементүүдийг хэзээ, ямар замаар, ямар хэмжээгээр авч чадсан бэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

Амьдрах чадвар гэдэг нь зөвхөн одны “амьдрах бүс”-д орших эсэхээр бус, тухайн гаригийн үүсэл, бүрэлдсэн материал, мөргөлдөөн, хүргэлт зэрэг олон хүчин зүйлсийн нэгдлээр тодорхойлогддог.

Судалгаа үргэлжилсээр

Гигант мөргөлдөөнтэй холбоотой олон асуулт одоогоор хариу нэхсээр байна. Эрдэмтдийн дараагийн зорилго бол протодэлхий болон Теягийн мөргөлдөөний үйл явц, химийн найрлага, изотопын шинж тэмдгүүдийг илүү нарийвчлан загварчлах юм.

Тэдний судалгаа амжилттай болвол Дэлхий хэрхэн усаа олж авсан, Сар хэрхэн бүрэлдсэн, мөн хоёр биетийн ижил төстэй изотопын найрлагын учрыг тайлбарлах боломжтой болох юм.

Бид хэн бэ гэдгийг ойлгох оролдлого

“Хуурай, залуу Дэлхий хэрхэн амьдрал тэтгэх чадвартай чийглэг гариг болон хувирсан бэ?” хэмээх асуулт өнөөг хүртэл шинжлэх ухааны хамгийн сонирхолтой, гүн гүнзгий сэдвүүдийн нэг байсаар байна. Энэ асуултад хариу өгөх оролдлого хүн төрөлхтний гарал, хувьсал, төгс төгөлдөр байршлын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлэх юм.

📚 Эх сурвалж: Science Advances

What do you think?

Ливерпүүл “Аваргуудын лиг”-ийн тоглолтууд, хуваарь, бүрэлдэхүүн 2025/26

Ливерпүүл “Аваргуудын лиг”-ийн тоглолтууд, хуваарь, бүрэлдэхүүн 2025/26

Тоттенхэм клубын “Аваргуудын лиг”-ийн тоглолтын хуваарь, багийн бүрэлдэхүүн 2025/26

Тоттенхэм клубын “Аваргуудын лиг”-ийн тоглолтын хуваарь, багийн бүрэлдэхүүн 2025/26