Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ сүүлийн хоёр жилд анх удаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, багийн гол тоглогчдын нэг “Senzu” М.Азбаярыг inactive статуст шилжүүлсэн буюу сэлгээнд суулгасан талаараа мэдэгдлээ. Энэхүү гэнэтийн шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд Senzu цаашид багийн үндсэн тавт багтахгүй боллоо.
Амжилтын оргил үеийн дунд гаргасан шийдвэр
Энэ улиралд The MongolZ баг тун амжилттай тоглолтуудыг үзүүлээд байсан юм. Тэд Esports World Cup тэмцээнд түрүүлж, BLAST Bounty болон FISSURE Playground 2 тэмцээний финалд шалгарсан билээ. Senzu ч энэхүү амжилтуудын гол хөдөлгөгч хүч байж, зуны амралтаас хойш дунджаар 1.11 гэсэн өндөр үзүүлэлттэй тогложээ.
Гэвч багийн зүгээс энэ өөрчлөлтийг тоглогчид болон удирдлагуудын хамтын зөвшилцлөөр хийсэн хэмээн тайлбарлаж байна.
“Өнгөрсөн хугацаанд The MongolZ CS2 багийн тоглогчид та бүхний сайн мэдэх бүрэлдэхүүнээрээ Монголын цахим спортын хөгжилд шинэ хуудсыг нээж, Counter-Strike тоглоомыг энгийн нэгэн компьютерийн тоглоом бус багийн спорт хэмээх үнэт зүйлээр нь олон нийтэд таниулж ирсэн билээ. Гэсэн хэдий ч, тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болно. Бид The MongolZ-ийн үнэнч дэмжигч та бүхнийг энэ шийдвэрийг хүндэтгэн, ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. The MongolZ CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болно.” хэмээн баг албан мэдэгдэлдээ дурджээ.
Senzu нь 2023 оны есдүгээр сард The MongolZ-д нэгдсэн цагаасаа хойш багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, богино хугацаанд од болон тодорсон юм. Тэрээр багийн анхны том тэмцээний цом болох EWC 2025-ийн финалд онооны хүснэгтийг тэргүүлж, ялагчдыг тодорхойлох тоглолтод жинтэй хувь нэмэр оруулсан.
Гэвч одоо тэр энэ бүхэнтэй түр баяртай хэлэх цаг иржээ.
idk what to say it wasnt sudden decision it feels like im leaving my home we made a lot of memories together i wish all the best things for my beloved ones my apologies to the ones who support us sorry for bad news if u guys didnt give me this great opportunity there wouldn’t… https://t.co/6gofsGUeoO
— Senzu- (@Senzucs) October 22, 2025
“Гэрээ орхиж байгаа юм шиг л мэдрэмж төрж байна. Бид хамтдаа мартагдашгүй олон дурсамж бүтээсэн. Хайрт хамт олондоо хамгийн сайн сайхныг хүсье. Дэмжиж ирсэн хүмүүстээ хандан хэлэхэд, таагүй мэдээ дуулгасандаа уучлаарай” хэмээн Senzu өөрийн X хуудсандаа бичсэн байна.





