Америкийн нэрт боксчин Девин Хэйни гурав дахь жиндээ дэлхийн аварга болсноос хойш анх удаа рингэнд эргэн ирэх бэлтгэлээ базааж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Брайан Норман Жуниорыг буулган авснаар WBO холбооны хагас дунд (welterweight) жингийн дэлхийн аварга цолыг хүртсэн бөгөөд одоо тус бүсээ хамгаалах эсвэл нэгтгэх тулаан хийхээр төлөвлөж байна.
Хэйни өөрийн цахим хуудсаараа дамжуулан WBA холбооны аварга Ролли Ромеротой нэгдсэн тулаан хийхээр яриа хэлэлцээний шатанд явж байгаагаа баталлаа. Уг тулаан ирэх тавдугаар сарын 30-нд Лас-Вегас хотын алдарт MGM Grand ордонд зохион байгуулагдах магадлал өндөр байна. Ролли Ромерогийн хувьд 2025 оны тавдугаар сард Райан Гарсиаг ялж, улмаар Жарон Эннис бүсээ суллаж өгсний дараа тус жингийн бүрэн эрхт аваргаар нэрлэгдээд байгаа юм.
Харин Девин Хэйни өөртэй нь тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Кейшон Дэвисийг “хуурамч” хэмээн тодорхойлж, түүнтэй одоогоор тулалдах бодолгүй байгаагаа хатуу мэдэгдэв. Кейшон Дэвис өмнө нь хөнгөн жингийн аварга байсан ч жингээ барьж чадалгүй цолоо алдаж байсан түүхтэй. Хэдийгээр Дэвис жин өгсөж Хэйнитэй тулалдахыг эрмэлзэж байгаа ч Хэйнийн хувьд Ромеротой хийх аваргын бүс нэгтгэх тулаан хамгийн чухал зорилт нь болоод байна. Хэрэв Хэйни, Ромеро нарын хэлэлцээр амжилттай болбол бокс сонирхогчид ирэх тавдугаар сард жинхэнэ гал гарсан тулааныг үзэх нь тодорхой боллоо.

