Хиймэл оюун ухаан (AI) эрчимтэй хөгжиж, оюуны хөдөлмөр эрхэлдэг “цагаан захтнууд”-ын ажлын байрыг орлох тухай яриа газар авч буй энэ үед хөдөлмөрийн зах зээлд нэгэн сонирхолтой эргэлт гарч байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сантехникч, цахилгаанчин зэрэг биеийн хүч болон нарийн ур чадвар шаардсан “цэнхэр захтны” ажлууд AI-д хамгийн бага өртөх, “аюулгүй” мэргэжлээр нэрлэгдэж эхэллээ.
Энэхүү хандлага нь уламжлалт нийгмийн ойлголтод томоохон цохилт болж байна. Тухайлбал, нэгэн эмч өөрийн хүүгээ сантехникч болохоор шийдсэнийг сонсоод “гэр бүлийнхээ нэр хүндийг унагаалаа” гэх мэдрэмж төрж байснаа нуугаагүй юм. Тэрээр гэр бүлээсээ анх удаа дээд боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа олсон хүн учраас хүүгийнхээ шийдвэрийг хүлээж авахад хэцүү байжээ. Гэвч бодит байдал дээр өндөр ур чадвартай барилгын мэргэжилтнүүд тэтгэвэрт гарах нас руу дөхөж, залуу халаа дутагдаж байгаа нь эдгээр мэргэжлийн үнэ цэнийг эрс нэмэгдүүлж байна.
AI системийн хөгжлийг дагаад асар том дата төвүүдийг барих шаардлага тулгарч байгаа нь цахилгаанчин, сантехникчдийн эрэлтийг дэлхий даяар өсгөж байна. “McKinsey” компанийн судалгаагаар зөвхөн АНУ-д 2030 он гэхэд 130,000 орчим цахилгаанчин нэмж шаардлагатай болох тооцоо гарчээ. “Google”, “Nvidia” зэрэг технологийн аваргууд ч энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд зориулж их хэмжээний хандив өгч эхэлсэн байна.
Хэдийгээр эдгээр мэргэжлүүд өндөр орлоготой, тогтвортой ажлын байр амлаж байгаа ч хүнд хүчир хөдөлмөр, ядаргаа ихтэй байдаг нь сул тал болдог. Мөн сургалтын хүртээмж муу байгаа нь сантехникч болох хүсэлтэй залууст саад болж байна. Жишээлбэл, АНУ-ын Виржиниа мужид дата төвийн бүтээн байгуулалтыг дагаад мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлт эрс нэмэгдсэн ч сургалтын төвүүд нь ачааллаа дийлэхгүй байгаа аж. Ийнхүү AI-ийн эрин үед “гар ухаан” болон “тархины ажил” хоёрын үнэлэмж шинээр тодорхойлогдож эхэллээ.

