Орчин үеийн физикийн шинжлэх ухааны хамгийн том сорилт болох Эйнштейний харьцангуйн ерөнхий онол болон квант механизмыг нэгтгэх асуудалд Канадын Ватерлоо их сургууль болон Периметтрийн хүрээлэнгийн эрдэмтэд шинэ хариулт санал болгож байна. “Physical Review Letters” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь сансрын эхэн үеийн хурдацтай тэлэлтийг “квадратик гравитаци” хэмээх квант гравитацийн шинэ загвараар тайлбарлажээ.
Уламжлалт “инфляци” онол нь сансрын эхэн үеийн хурдатгалтай тэлэлтийг тайлбарлахын тулд таамаглалын шинжтэй “инфлятон” бөөмийг ашигладаг боловч өндөр энергийн түвшинд математикийн хувьд тогтворгүй болдог сул талтай. Харин эрдэмтдийн танилцуулж буй “квадратик гравитаци” нь Эйнштейний онолыг “хоёрдугаар зэрэгт” гаргасан мэт өөрчлөгдсөн хувилбар бөгөөд нэмэлт хувьсагч шаардахгүйгээр Их тэсрэлтийн үеийн өндөр энергийн түвшинд математикийн хувьд бүрэн тогтвортой байж чадаж байна.

Судалгааны багийн тооцооллоор энэхүү загварын квадратик гишүүд нь сансрын тэлэлтийг байгалийн жамаар үүсгэж, улмаар орон зай-цаг хугацаа нь бидний мэдэх харьцангуйн ерөнхий онолын төлөвт шилжсэн болохыг харуулжээ. Хамгийн чухал нь энэхүү математик тооцоолол нь хамгийн сүүлийн үеийн сансрын ажиглалтын өгөгдөлтэй яв цав нийцэж байгаа бөгөөд өмнөх энгийн загваруудын зөрчлийг арилгаж байгаа юм.
Квант гравитацийн ихэнх загварууд зөвхөн онолын түвшинд үлддэг бол энэхүү шинэ бүтээл нь тодорхой урьдчилсан таамаглалуудыг дэвшүүлж байгаагаараа онцлогтой. Энэ нь одоо болон ирээдүйн сансрын судалгааны төхөөрөмжүүдээр бодитойгоор шалгагдах боломжтой бөгөөд орчлон ертөнцийн үүслийн нууцыг тайлахад томоохон эргэлт авчирна гэж эрдэмтэд найдаж байна.

