“Реал Мадрид” клуб “Мальорка”-гийн талбайд зочлон 2:1-ээр хожигдсоноор Испанийн Ла Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд том цохилт амслаа. Тоглолтын дараа тус багийн дасгалжуулагч Альваро Арбелоа хариуцлагыг өөртөө хүлээсэн ч аваргын төлөөх тэмцлээс буугаад өгөх болоогүйг мэдэгдсэн байна.
“Сон Мойкс” цэнгэлдэх хүрээлэнд болсон тулаанд “Мальорка” багийн Ману Морланес 42 дахь минутад гоолдож, талбайн эздэд тэргүүлэл авчирсан. Хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн Эдер Милитао тоглолтын төгсгөлд гоолдож, багтаа найдвар төрүүлсэн боловч шүүгчийн сунгасан цагт Ведат Мурики шийдвэрлэх гоолыг оруулснаар “Мадрид”-аас оноо салгах боломжийг нь булаан авлаа. Мурикигийн хувьд өмнөх тоглолтод торгуулийн цохилт алдаж, шигшээ баг нь ДАШТ-д шалгарч чадаагүй зэрэг хүнд үеийг туулж байсан ч энэ удаад багийнхаа баатар болж чадав.

Энэхүү ялагдал нь “Реал Мадрид”-ын хувьд аюултай дохио болж байна. Хэрэв хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” энэ тойрогт “Атлетико Мадрид”-ыг буулган авбал тэдний хоорондын онооны зөрүү 7 болж холдох юм. Арбелоа энэ тухай “Бид үлдсэн найман тоглолтдоо заавал хожих ёстой. Өнөөдөр бид илүү сайн тоглох ёстой байсан ч заримдаа хөлбөмбөгт хүссэнээр болдоггүй” хэмээн өгүүлжээ.
Хэдийгээр дотоодын лигтээ бүдэрсэн ч дасгалжуулагч Арбелоа ирэх даваа гарагт болох “Бавари Мюнхен”-тэй хийх Аваргуудын лигийн хариуцлагатай тулааны өмнө багийнхаа сэтгэл зүйд итгэлтэй байна. Тэрээр “Манай тоглогчид юу чаддагаа мэднэ. Даваа гарагт шаардлага хамгийн дээд хэмжээнд байх болно. “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийнхээ тусламжтайгаар бид илүү хүчтэй эргэн ирэх болно” гэж онцоллоо.

“Реал Мадрид”-ын хувьд тоглолтын турш бөмбөг эзэмшилтээр илүүрхэж байсан ч “Мальорка”-гийн хаалгач Лео Романы хаалгыг сэтлэхэд туйлын хүндрэлтэй байсан нь энэ өдрийн ялагдлын нэг гол шалтгаан болов. Одоо тэдний хувьд алдаагаа засаж, Европын тавцанд анхаарлаа хандуулах л үлдлээ.

