ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярихдаа Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцдаж буйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрэв Иран улс Ормузын хоолойг хаавал тус улсын эрчим хүчний дэд бүтэц, гүүрүүдэд цохилт өгнө” гэж мэдэгдсэний хариуд С.Лавров Вашингтоныг “тулган шаардалтын хэл”-нээсээ татгалзаж, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан байна.
ОХУ-ын тал Ираны эргэн тойрон дахь хурцадмал байдлыг намжаах чиглэлээр олон улсын зүгээс гаргаж буй хүчин чармайлт үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. С.Лавров нөхцөл байдлыг хэлэлцээрийн шатанд шилжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ.
Түүнчлэн талууд Ираны цөмийн байгууламжууд, тэр дундаа Оросын мэргэжилтнүүд ажиллаж буй Бушехрийн цөмийн цахилгаан станц руу чиглэсэн “хууль бус халдлагуудыг” зогсоох шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Оросын цөмийн эрчим хүчний “Росатом” агентлаг Бушехрийн станцаас ажилчдаа нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд тус байгууламжийн ойролцоо АНУ-Израилийн зэвсэглэлд ашиглагддаг пуужингийн хэлтэрхий унасан гэх мэдээлэл гараад байгаа юм.
ОХУ-ын зүгээс Ирантай хийх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн хүрээнд асуудлыг зохицуулах байр суурийг баримталж байна.

