UFC-гийн хөнгөн жингийн тэргүүн тулаанч Арман Царукян өөрийн чадвартаа туйлын итгэлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Тэрбээр хөнгөн жингийн түүхэн дэх хамгийн агуу тулаанчдын нэг, зодог тайлсан Хабиб Нурмагомедовыг ч оргил үед нь ялах боломжтой гэж үзэж байна.
2020 онд 29-0 гэсэн ялагдашгүй амжилттайгаар зодог тайлсан Хабиб Нурмагомедов карьерынхаа сүүлийн гурван тулаанд Конор МакГрегор, Дастин Порье, Жастин Гэтжи нарыг хүнд байдалд оруулж, боолтоор буулган авч байсан түүхтэй. Гэвч Царукян өөрийгөө Хабибаас илүү бүх талын техник эзэмшсэн (well-rounded) тулаанч гэж тодорхойлжээ.
Магадгүй шүүгчдийн шийдвэрээр ялах байх. Миний ур чадвар бол хамгийн том давуу тал. Би түүнтэй харьцуулахад тулааны бүх талбарт илүү хөгжсөн хэмээн Царукян саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Сонирхолтой нь, Хабиб Нурмагомедов өөрөө ч 2025 оны эхээр өгсөн ярилцлагадаа тухайн үеийн аварга Ислам Махачевт хамгийн их аюул учруулж чадах тулаанчаар Арман Царукяныг нэрлэж байсан юм. Тэр байтугай Царукяныг Илья Топуриагаас илүү ноцтой өрсөлдөгч гэж онцолж байв. Улмаар Махачев жин өгсөж, дунд жин рүү шилжсэний дараа Топуриа Чарльз Оливейраг нокаутаар буулган авч, хөнгөн жингийн шинэ хаан болсон билээ.
2019 онд UFC- дэх анхны тулаандаа Ислам Махачевт шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байсан Царукян түүнээс хойш гайхалтай амжилтыг үзүүлж байна. Тэрбээр 2022 оноос хойш хийсэн сүүлийн таван тулаандаа дараалан ялалт байгуулснаас гадна 2025 оны 11 дүгээр сард Дан Хукерыг хоёрдугаар үед боолтоор буулган авсан юм. Одоо тэрээр 4 дүгээр сарын 18-нд болох RAF 8 тэмцээний хүрээнд Урижа Фэйбертэй сумо барилдахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүнийг идэвхтэй байлгах нэгэн сонирхолтой сорилт болох юм.

