Дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Супер Марио Галакси” хүүхэлдэйн кино тасалбарын борлуулалтаар амжилттай байгаагаас гадна үзэгчдийн анхаарлыг татсан нэгэн өвөрмөц нэмэлт оруулсан байна. Киноны төгсгөлийн титр (credits) хэсэгт “Энэхүү бүтээлийг хиймэл оюун ухааныг (AI) сургах зорилгоор ашиглахыг хориглоно” гэсэн мөр багтжээ.
Энэхүү анхааруулга нь зөвхөн “Супер Марио Галакси”-д зориулагдаагүй бөгөөд дистрибьютер Universal Pictures компани 2025 оны зургадугаар сард гарсан “How to Train Your Dragon” бүтээлээс эхлэн өөрийн бүх киноны кредитэд ийм төрлийн сануулга нэмж эхэлсэн байна. Уг анхааруулгад бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлах, түгээх болон AI загваруудыг хөгжүүлэхэд ашиглах нь иргэний болон эрүүгийн хариуцлагад хүргэж болзошгүйг хатуу сануулжээ.
Universal-ийн Illumination студийг тэргүүлдэг Крис Меледандри өмнө нь хиймэл оюун ухааныг бүтээлч хүмүүсийн ажилд туслах “нэмэлт хэрэгсэл” гэж үзэж байсан бол Nintendo-гийн хувьд байр суурь нь арай өөр байна. Тус компанийн АНУ дахь ерөнхийлөгч асан Даг Баузер хиймэл оюун ухааныг тоглоомын туршлагыг сайжруулахад ашиглах боломжийг судалж байгаа ч Nintendo-гийн үнэ цэнэ нь тоглоом бүтээгчдийн хүний хүчин зүйл, ур чадварт оршдог гэдэгт итгэдэг хэвээр байгаа юм.
Оюуны өмчийн энэхүү асуудал нь Google болон OpenAI-ийн Sora зэрэг платформууд Nintendo-гийн ертөнцийг хуулбарлах боломжтой болсонтой холбоотойгоор үүссэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Nintendo-гийн дараагийн томоохон төсөл болох “The Legend of Zelda” киноны зураг авалт 2027 онд эхлэх бөгөөд энэ удаад тэд Sony Pictures компанитай хамтран ажиллахаар болжээ. Уг бүтээл дээр ч мөн адил хиймэл оюун ухаанаас хамгаалах ижил төстэй заалтууд орох төлөвтэй байна.

