Кремль АНУ болон Иран улсууд гал зогсоох хэлэлцээрт хүрснийг сайшааж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах дипломат алхмуудыг дэмжихээ илэрхийллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа уг шийдвэрийг эерэгээр хүлээн авч буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Бид хурцадмал байдлыг нэн даруй бууруулж, улс төрийн болон дипломат яриа хэлэлцээг эхлүүлэх шаардлагатайг анхнаас нь л онцолж ирсэн” хэмээн тэмдэглэжээ.
Песков цааш нь хэлэхдээ, Кремлийн зүгээс цэргийн ажиллагааг зогсоох шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд “Талууд өөрсдийн эрх ашгийг зэвсгийн хүчээр бус, харин хэлэлцээрийн ширээний ард хамгаалж чадах ёстой” гэж онцолсон байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний станц, дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгнө гэж заналхийлсний дараа гарч буй юм. Хэрэв гал зогсоох хэлэлцээр байгуулагдаагүй бол Ойрхи Дорнодод томоохон хэмжээний цэргийн мөргөлдөөн гарах эрсдэл маш өндөр байсныг ажиглагчид сануулж байна. ОХУ-ын зүгээс энэхүү хэлэлцээрийг бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

