Австралийн амьд сэрүүн байгаа хамгийн олон шагналт цэргийн алба хаагч Бен Робертс-Смит Афганистанд алба хаах хугацаандаа энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, Сидней хотын Силверуотер хорих ангид саатуулагдаад байна.
Австралийн Холбооны Цагдаагийн (AFP) газраас мэдээлснээр, 47 настай Робертс-Смит 2009-2012 оны хооронд Афганистанд таван энгийн иргэний аминд хүрсэн таван хэрэгт буруутгагдаж байгаа аж. Эдгээр хэрэг тус бүр нь бүх насаар хорих ял оноох заалттай юм.
Лхагва гарагийн өглөө болсон цахим шүүх хуралдааны үеэр түүний өмгөөлөгч Жордан Портокалли одоогоор батлан даалтад гаргах хүсэлт гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар батлан даалтын асуудлыг хэлэлцэх дараагийн шатны хуралдааныг 4-р сарын 17-нд товлолоо.
Бен Робертс-Смит нь Австралийн элит тусгай хүчний (SAS) гишүүн байхдаа Афганистанд зургаан удаа дайчлагдан ажиллаж, тулааны талбарт гаргасан гавьяаныхаа төлөө цэргийн дээд шагнал болох Викториягийн загалмай одон хүртэж байсан үндэсний баатар юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүний хохирогчид нь амь үрэгдэх үедээ зэвсэггүй байсан төдийгүй Австралийн цэргийн хяналтад байсан нь тогтоогджээ.
Энэхүү хэрэг нь Австралийн Батлан хамгаалах яамны гишүүдийн үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгах Афганистаны тусгай илтгэгчийн алба болон Холбооны цагдаагийн хамтарсан урт хугацааны мөрдөн байцаалтын үр дүнд гарч ирсэн юм. Робертс-Смит өөрийнх нь эсрэг гарсан гомдлуудыг байнга үгүйсгэж ирсэн бөгөөд “Nine Entertainment” компанийн эсрэг гүтгэлгийн хэргээр шүүхэд заргалдсан боловч ялагдал хүлээж байсан билээ. Тухайн үед шүүхээс түүнийг Афганистаны дөрвөн энгийн иргэнийг хөнөөхөд оролцсон гэх мэдээллийг үндэслэлтэй гэж үзэж байсан юм.

