2025-26 оны улирал “Милуоки Бакс” багийн хувьд хүлээлтээс тэс өөрөөр эргэж, 2016 оноос хойш анх удаа плей-оффын гадна хоцорсон таагүй амжилт үзүүллээ. Үндсэн тоглогчдын бэртэл гэмтэл болон багийн тогтворгүй тоглолт нь энэхүү уналтын гол шалтгаан болсон бөгөөд үүний зэрэгцээ багийн супер од Яннис Адетокунмпогийн ирээдүйг тойрсон цуу яриа олны анхаарлын төвд байна.
Ерөнхий менежер Жон Хорст өгсөн ярилцлагадаа Адетокунмпотой харилцаа хурцадсан гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Бид хамтдаа хүнд хэцүү улирлыг туулж байна. Би Яннист болон түүний багийнханд итгэх итгэл, хүндэтгэлээ алдаагүй. Бидний гол зорилго бол энэ нөхцөл байдлаас гарах хамгийн зөв гарцыг олох явдал” хэмээн онцолжээ.
Багийн ирээдүйн талаар Хорст өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр багт драфтын эрхүүд болон солилцоо хийх боломжтой гэрээнүүд байгааг дурдаад, дэлхийн шилдэг тоглогчдын нэгтэй хэвээр байгаа нь дараагийн улиралд хүчирхэг эргэн ирэлт хийх боломж олгоно гэж үзэж байна.
Дасгалжуулагч Док Риверсийн тухайд Хорст түүнийг хамгаалсан байр суурьтай байна. “Бид багийг өндөр хурдтай, довтолгоонд суурилсан хэв маягаар байгуулсан боловч бэртэл гэмтэл бүх төлөвлөгөөг алдагдуулсан. Ийм хүнд нөхцөлд Риверс багийг чадварлаг удирдсан бөгөөд энэ бүхнийг түүний буруу гэж үзэхгүй байна” гэв.
Ярилцлагын төгсгөлд Жон Хорст Яннис Адетокунмпог Милуокид үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дахин бататгалаа. “Яннис зөвхөн ялахыг л хүсдэг. Хэрэв Милуокид аварга болох боломж байгаа бол тэр эндээ үлдэнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” хэмээн тэрээр яриагаа өндөрлөсөн юм.

