Украйны тагнуулын байгууллагаас гаргасан шинэ мэдээллээр Орос улс Ирантай цэргийн болон кибер тагнуулын салбарт нягт хамтран ажиллаж, АНУ болон түүний холбоотнуудын цэргийн байгууламжуудын мэдээллийг дамжуулсан байж болзошгүй байна. Тодруулбал, Оросын хиймэл дагуулууд бүс нутгийн 11 орны 46 чухал байгууламжийн дэлгэрэнгүй зураг, тагнуулын мэдээллийг цуглуулжээ.
Гуравдугаар сарын 21-нээс 31-ний хооронд явагдсан энэхүү ажиллагааны хүрээнд АНУ-ын цэргийн баазууд, нисэх онгоцны буудлууд болон газрын тосны томоохон ордуудыг тагнасан байна. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь Оросын хиймэл дагуулын судалгаанд өртсөн зарим штаб, цэргийн ангиуд хэдхэн хоногийн дараа Ираны дрон болон пуужингийн цохилтод өртсөн явдал юм. Энэ нь Орос улс Иранд байг оновчтой тодорхойлоход нь техникийн туслалцаа үзүүлж буйн илрэл байж болохыг шинжээчид онцолж байна.
Мөн хоёр улс кибер орон зайд ч хүчээ нэгтгэж байгаа нь тогтоогджээ. Оросын “Z-Pentest Alliance”, “NoName057(16)” болон Ираны “Handala Hack” зэрэг хакерын бүлэглэлүүд Telegram сүлжээгээр дамжуулан тагнуулын мэдээлэл солилцож, хамтарсан халдлага үйлдэх болсон байна. Ажиглагчдын үзэж буйгаар Ираны хакерууд Оросын цэргийн тагнуулын байгууллагын техник хэрэгсэл, арга барилыг ашиглаж байгаа нь энэхүү хамтын ажиллагаа гүнзгийрснийг гэрчилж байгаа юм.
АНУ-ын Цагаан ордны зүгээс энэхүү нөхцөл байдалд тайван хандаж, гадны ямар ч дэмжлэг АНУ-ын цэргийн үйл ажиллагаанд саад болж чадахгүй гэдгийг мэдэгдсэн. Гэвч Орос, Ираны энэхүү нууц холбоо нь Ойрхи Дорнодын аюулгүй байдалд шинэ төрлийн эрсдэл дагуулж байна.

