АНУ болон Иран улсуудын хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр нь Ливаны нутаг дэвсгэрт хамааралгүй болохыг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан уг хэлэлцээрийн дагуу Иран улс Хормузын хоолойг нээж, бүс нутгийн орнууд руу чиглэсэн халдлагаа зогсоох үүрэг хүлээсэн. Гэвч Израилийн Ерөнхий сайдын албанаас “Энэхүү хэлэлцээр Ливаны нутаг дэвсгэрийг хамардаггүй” гэдгийг тусгайлан тодотгосон байна.
Уг мэдэгдлийн дараахан Израилийн цэргийнхэн Ливаны өмнөд хэсгийн Тир хотын оршин суугчдыг нэн даруй нүүхийг анхааруулж, агаарын цохилтоо үргэлжлүүлсэн юм. Лхагва гарагт Тир хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Пакистаны зуучлалаар байгуулагдсан уг хэлэлцээрийг олон улсын зүгээс Израил болон “Хезболла” бүлэглэлийн мөргөлдөөнийг намжаана гэж хүлээж байсан ч Израилийн тал ийнхүү үгүйсгэв. Хоёрдугаар сарын сүүлчээс хойш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Ливанд 1,500 гаруй хүн амь үрэгдэж, сая гаруй иргэн орон гэргүй болоод байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливаныг уг хэлэлцээрт хамруулахыг уриалж байгаа ч Израилийн сөрөг хүчний удирдагч Яир Лапид Ерөнхий сайд Нетаньяхуг аюулгүй байдлын чухал хэлэлцээрт улсаа оролцуулж чадаагүй хэмээн шүүмжилжээ.
Ираны тал АНУ-тай хийх албан ёсны хэлэлцээ энэ баасан гарагт Исламабад хотноо эхэлнэ гэж мэдэгдээд байна.

