Шведийн цахим спортын домогт байгууллага болох Ninjas in Pyjamas (NiP) үйл ажиллагаандаа томоохон бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа тухай Expressen сайт мэдээллээ. Тус байгууллага Швед дэх ажилтнууддаа ажлаас халах мэдэгдэл өгч эхэлсэн бөгөөд төв оффисоо Абу Даби руу шилжүүлэх бэлтгэлээ базааж байна.
Энэхүү шилжилт нь Абу Дабийн засгийн газартай байгуулсан стратегийн түншлэл болон байгууллагын хөрөнгө оруулалтын чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тодруулбал, NiP хөрөнгөө цахим спортоос крипто уул уурхайн салбар руу түлхүү чиглүүлэхээр шийдвэрлэжээ.
Швед дэх салбар нь бүрэн хаагдахгүй ч цаашид зөвхөн багуудын бэлтгэл сургуулилт, цугларалт (bootcamp) хийх зориулалттай бааз төдий болон үлдэх төлөвтэй байна. Харин байгууллагын үндсэн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа Арабын Нэгдсэн Эмират улсад төвлөрөх юм.
Гэвч энэхүү шийдвэр нь тоглогчдын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. NiP-ийн Counter-Strike багийн тоглогчид Абу Даби руу нүүх сонирхолгүй байгаа бөгөөд энэ нь Европ дахь бусад багуудтай бэлтгэл сургуулилт хийхэд интернетийн хурд (ping) болон цагийн зөрүү зэрэг техникийн хүндрэл үүсгэдэгтэй холбоотой аж.
Криптовалютын салбар руу чиглэх энэхүү алхам нь цахим спортын багуудад тулгарч буй санхүүгийн “өвлийн” үеийг давах нэгэн арга гэж шинжээчид үзэж байна. NiP нь одоогоор Хятадын League of Legends (LPL), Бразилийн Rainbow Six, Европын CS-ээс гадна Rocket League, Apex Legends зэрэг олон төрөлд багтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр багууд өөр өөр бүс нутагт төвлөрдөг тул удирдлагын шилжилт одоогоор шууд нөлөөлөхгүй ч, байгууллагын ирээдүй АНЭУ-ын хөрөнгө оруулагчдаас бүрэн хамааралтай болж байна.

