NASA-гийн Артемис-2 хөлөг онгоцны баг дэлхийн агаар мандлыг нэвтрэн орох үед үүсдэг 1650 градус Цельсийн хэт халалтыг хамгаалалтын бүрээсийн тусламжтайгаар амжилттай давж, эх дэлхийдээ газардаад байна. Гэвч хөлөг онгоц буусны дараа түүний доод хэсэгт дулааны хамгаалалтын бүрхүүлээс томоохон хэсэг унасан мэт харагдах зураг олон нийтийн сүлжээгээр тархсан нь эрдэмтэн, судлаачдын дунд эргэлзээ төрүүлж, гэмтэл үүссэн байж болзошгүй гэх таамаглал дагуулжээ.
NASA-гийн захирал Жаред Айзекман энэхүү асуудалд албан ёсны хариу өгөхдөө: “Зураг дээр харагдаж буй тэрхүү өнгөний өөрчлөлт нь материал унаж гэмтсэн хэрэг биш юм. Энэ нь компрессорын дэвсгэр, түүний орчмын геометр бүтэц, AVOCAT бүтээгдэхүүн болон агаар мандлын халалтын нөлөөллөөс үүссэн харагдах байдал. Бид туршилтын явцад ийм зүйл үүсэхийг урьдчилан тооцоолж, хүлээж байсан” хэмээн тайлбарлав. Энэ нь хөлөг онгоцны дулааны хамгаалалтад ямар нэгэн ноцтой асуудал үүсээгүйг баталж байгаа бөгөөд NASA бүх системийн мэдээллийг хэвийн журмаар шалгаж, үр дүнг нь мэдээлэхээ мэдэгдлээ.
Энэхүү явдал нь 2022 оны 12-р сард дэлхийд буусан Артемис-1 хөлөг онгоцны дулааны хамгаалалтын асуудлыг сануулж байгаа юм. Тухайн үед хамгаалалтын бүрхүүлийн ихээхэн хэсэг жигд бус байдлаар цөмрөн унасан бөгөөд шинжилгээгээр дотор нь үүссэн хий гадагшлах боломжгүй болж, даралт ихэссэнээс том хэсгүүд хугарч унасан гэх дүгнэлт гарч байв.
Артимис-2 хөлөг онгоцны баг амжилттай газардсан төдийгүй бүх системүүд нь сайн ажилласан гэдгийг NASA онцолж байна. Тус агентлаг дулааны хамгаалалтын талаарх эцсийн дүгнэлтээ гаргасны дараа бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ажээ.

