“Avengers: Doomsday” кинонд Доктор Думын эсрэг зогсох баатруудын эгнээнд “Шоргоолжин хүн” (Ant-Man)-ий охин Кэсси Лэнгийн дүр нэмэгдэхээр боллоо. Жүжигчин Кэтрин Ньютон өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд өөрийн Instagram хуудсаараа дамжуулан тус кинонд тоглохоо албан ёсоор баталгаажуулсан байна.
Ньютон энэхүү мэдээг хуваалцахдаа киноны зураг авалтын талбай дээрх өөрийн нэр болон “Avengers: Doomsday” гэсэн лого бүхий жижигхэн сандлыг харуулсан видео бичлэг оруулжээ. Тэрээр өөрийн дүрийн онцлог болох “жижигхэн болдог” чадвараараа хошигнон, Marvel-ын дараагийн томоохон төсөлд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү мэдэгдэл нь “Avengers: Doomsday” киноны шинэ трейлер CinemaCon-д анх удаа танилцуулагдсантай давхцаж байна. Одоогоор олон нийтэд албан ёсоор цацагдаагүй байгаа уг трейлер дотор Профессор Икс “аймшигтай зүйл ирж байна” хэмээн анхааруулж, Тор “бидэнд гайхамшиг хэрэг болно” гэж хэлж буй хэсгүүд багтжээ. Мөн Капитан Америк, Мистик, Елена Белова нарын дүрүүд трейлерт харагдсан байна.
Шинэ ангид Тандерболтс, Шоргоолжин хүн, Шури, Фантастик дөрөв, М’Баку, Намор, Сайклопс зэрэг маш олон баатрууд хүч үзэхээр цуглаж байгаа юм. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Энтони Маки, Том Хиддлстон, Иан Маккеллен, Келси Граммер, Дэнни Рамирез, Алан Күүминг, Ченнинг Тэйтум нарын нэрс багтаад байна.
Avengers: Doomsday кино 2026 оны 12 дугаар сарын 18-нд дэлхий даяар нээлтээ хийхээр товлогджээ.

