Хиймэл оюун ухаан ажлын байранд нөлөөлж, айдас төрүүлж байна
Хиймэл оюун ухаан (AI) ажлын байранд эрчимтэй нэвтэрч буй нь олон хүнийг ирээдүйнхээ талаар түгшээж, ажилгүйдлийн хямрал үүсгэх вий гэх болгоомжлол төрүүлж байна. Олон хүн карьерын хувьд илүү найдвартай, хиймэл оюун ухаанд орлох боломжгүй салбаруудыг эрэлхийлж эхэлжээ.
AI-тэй холбоотой өөрчлөлт бодитой боллоо
Сүүлийн үед гарсан судалгаанууд энэ өөрчлөлт бодитой, хурдтай өрнөж буйг харуулж байна. Компаниуд зарим ажлыг автоматжуулах сонголт хийж, үүний зэрэгцээ ажилчид “AI-д тэсвэртэй” буюу хиймэл оюунаар орлуулах боломжгүй ажил мэргэжлийг эрэлхийлж байгаа нь хөдөлмөрийн зах зээл дээрх хүлээлтийг эрс өөрчилж байна.
Хэдий ямар ч судалгаа 100 хувь найдвартай мэргэжлийг онцолж чадахгүй ч, Майкрософтын саяхны судалгаа хиймэл оюун ухаан аль салбарт хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харуулжээ.
Тус судалгаа нь 2024 оны 1-р сараас 9-р сар хүртэл Bing Copilot буюу Майкрософтын AI чатботын 200 мянга гаруй нэргүй хэрэглэгчийн харилцааг шинжилж, хүмүүс ямар үүрэгт AI-г хамгийн их ашиглаж буйг тогтоосон байна.
AI-ийг ашиглах нь устгахтай тэнцүү биш
Майкрософтын судлаачид “AI ашигласнаар тухайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг болохоос ажлыг бүрэн устгана гэсэн үг биш” хэмээн тайлбарлажээ. Хиймэл оюун ухаан олон төрлийн үүргийг дэмжиж чаддаг ч, ямар ч ажлыг 100% гүйцэтгэж чадахгүй гэдгийг тэд онцолсон байна.
Мөн AI өндөр нөлөө үзүүлж буй мэргэжлүүд нь заавал өндөр орлоготой болно гэсэн үг биш. Судалгаанд технологийн бизнесийн өргөн нөлөөлөл багтаагүй бөгөөд энэ нь цалингийн үр нөлөөг тодорхойлоход хүндрэлтэй болгожээ.
Компаниуд автоматжуулалтыг илүүд үзэх хандлагатай байна
Майкрософтын зүгээс AI-г ажлын үүргийг бүрэн орлохын оронд ажилтныг дэмжихэд ашиглаж болно гэж үздэг. Гэсэн хэдий ч зарим компанийн удирдлагуудын хувьд автоматжуулалт илүү таатай шийдэл болж байгаа нь анзаарагдаж байна.
Жишээлбэл, Ford компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли “Хиймэл оюун ухаан АНУ-ын бүх цагаан захтнуудын ажлын талыг орлох болно” хэмээн мэдэгдэж байв.
Зарим байгууллагууд шинэ ажилтан авахын оронд AI агент тухайн үүргийг гүйцэтгэж чадахгүй гэдгийг менежер нотлох хүртэл хүний оронд ажилтан авч ажиллуулахгүй байх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь энэ өөрчлөлтийн тод жишээ юм.
Чадна гээд заавал хийх албагүй
AI хөдөлмөрийн зардлыг бууруулж, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж чадна. Гэхдээ энэ нь бүх ажлыг автоматжуулах шалтгаан болох ёсгүй. Зарим ажлыг автоматжуулж чадах ч, тухайн ажлыг хүний хэмжээнд сайн гүйцэтгэхгүй байх тохиолдол цөөнгүй.
Жишээлбэл, бичигчид хиймэл оюун ухаанаар хамгийн их дэмжигддэг мэргэжлүүдийн нэг боловч AI-ээр бүтээсэн текстүүд зохиогчийн эрхийн маргаан дагуулдаг нь бэрхшээл үүсгэж байна.
Google-ийн хуучин гүйцэтгэх захирал Мо Гавдат энэ сард хийсэн мэдэгдэлдээ “AI-тай холбоотой хөдөлмөрийн зах зээлийн асуудал нь ирэх 15 жилд богино хугацааны дистопи байдалд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулсан.
AI-д тэсвэртэй буюу орлуулах боломжгүй 10 ажил
Майкрософтын судалгаагаар AI-д орлуулагдах магадлал хамгийн бага, хүний оролцоо зайлшгүй шаарддаг дараах 10 ажлыг тодруулжээ:
- Цусны дээж авагчид
- Сувилагчийн туслахууд
- Аюултай материалын устгагчид
- Будагчин, шавардлагын туслахууд
- Оршуулгын ажилчид
- Үйлдвэрийн болон системийн операторууд
- Амны болон эрүү нүүрний мэс засалчид
- Автомашины шил суурилуулагчид
- Хөлөг онгоцны инженерүүд
- Дугуй засварчид
Эдгээр ажлын нийтлэг онцлог нь AI-д зориулагдсан өгөгдлийн сан хязгаарлагдмал байдаг явдал юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хагалгааны өгөгдлийн дөнгөж 10% нь олон нийтэд нээлттэй байдаг нь AI сургалтад саад болж байна.
Хамгийн их эрсдэлтэй буюу AI-д хамгийн түрүүнд орлуулагдах 10 ажил
AI-ийн хэрэглээний оноогоор хамгийн өндөр буюу хиймэл оюун ухаанаар хамгийн түрүүнд орлуулагдах магадлалтай 10 ажлыг ч мөн судалгаанд дурдсан байна:
- Орчуулагчид
- Түүхчид
- Зорчигчийн үйлчилгээний ажилтнууд
- Үйлчилгээний борлуулагчид
- Бичигчид, зохиолчид
- Харилцагчийн үйлчилгээний төлөөлөгчид
- CNC багажны программистууд
- Утасны операторууд
- Тасалбарын ажилтнууд
- Радио нэвтрүүлэгчид
Эдгээр ажлын нийтлэг шинж нь мэдлэгийн суурьтай, тодорхой дүрэм, өгөгдөлд тулгуурладаг, AI хурдан суралцаж гүйцэтгэх боломжтой байдал юм.
Эх сурвалж: 🔗 Gizmodo: AI-Proof Jobs A Robot Can’t Do