Dolby Vision 2: Ирээдүйн дүрслэлийн шинэ үе
10 гаруй жилийн дараа Долби компани өөрийн хувьсгалт Dolby Vision технологийн шинэ үеийг танилцуулж, Dolby Vision 2-ыг олон нийтэд хүргэлээ. IFA 2025 арга хэмжээний үеэр компанийн зүгээс HDR форматын шинэ боломжуудыг дэлгэн харуулсан нь технологийн салбарт онцгой үйл явдал боллоо.
Шинэ хувилбарт багтаж буй хамгийн чухал шинэчлэл бол “Контент Интеллиженс” хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлгүүр юм. Энэ систем нь хэрэглэгчийн юу үзэж байгааг төдийгүй хаана үзэж байгааг ч ойлгож, тохиргоог ухаалгаар өөрчилдөг. Ялангуяа OLED дэлгэцийн хар өнгөний гүйцэтгэлд сэтгэл дундуур байдаг хүмүүст зориулсан нарийн тохиргооны хэрэгсэл нэмэгдсэн нь онцлох өөрчлөлт болж байна.
Dolby Vision 2 нь орчны гэрэл мэдрэх чадвартай болж, өрөөний гэрэлтүүлэгт тохируулан дэлгэцийн гэрлийг автоматаар оновчтой болгодог боллоо. Гэрэл багатай орчинд амьдардаг хэрэглэгчдийн хувьд энэ нь маш таатай шинэчлэл боловч заримд нь хэт бүдэг санагдаж болзошгүй юм. Мөн спортын шууд дамжуулалт болон тоглоомын хурдан хөдөлгөөнтэй дүрсийг сайжруулах зорилгоор хөдөлгөөний хяналт болон цагаан өнгийн температурын тохиргоо нэмэлтээр боловсронгуй болсон байна.

Долби компани энэхүү шинэчлэлээ хоёр түвшинд танилцуулж байгаа бөгөөд Dolby Vision 2 Max нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй телевизүүдэд зориулагдсан, хоёр талын тональ зураглал, жинхэнэ хөдөлгөөний рендер зэрэг дээд зэрэглэлийн функцүүдийг багтаасан. Харин ердийн хувилбар болох Dolby Vision 2 нь өргөн хэрэглээний телевизүүдэд илүү тохиромжтой гэж үзэж байна. Анхлан Хайсенс компанийн телевизүүдэд Dolby Vision 2-ыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь Mediatek Pentonic 800 чипсет дээр суурилах юм.
Анх 2014 онд танилцуулагдсан Dolby Vision технологи нь кино театр болон гэрийн үзвэрийн дүрслэлийн ялгааг арилгах зорилготой байсан. Харин 2025 онд танилцуулагдаж буй Dolby Vision 2 нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар контекст ойлгож, илүү оновчтой, ухаалаг дүрслэл бий болгох дараагийн шатанд хүрлээ. Гэсэн ч бодит үр дүн нь хэрхэн харагдахыг бид хэрэглэгчийн нүдээр харах хүртлээ хүлээх л үлдлээ.
Эх сурвалж: Gizmodo.com