Спортын хууль бус дамжуулалтын томоохон сүлжээ хаагдлаа
Дэлхийн хамгийн том хууль бус спортын стриминг платформ болох Streameast нэг жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд хаагджээ. Энэхүү сүлжээ нь 80 гаруй хууль бус домэйн хаягаар дамжуулан нийт 1.6 тэрбум удаагийн хандалт авсан бөгөөд Европын шилдэг хөлбөмбөгийн тэмцээнүүд, тухайлбал Премьер лиг, Аваргуудын лиг, мөн NFL, NBA, MLB зэрэг томоохон спортын эвентүүдийг хууль бусаар дамжуулж, үнэгүй үзэх боломж олгож байв.
ACE (Alliance for Creativity and Entertainment) хэмээх Amazon, Apple TV+, Netflix, Paramount зэрэг 50 гаруй медиа болон энтертайнмент компанийн нэгдэл Египетийн хууль сахиулагчидтай хамтран 8-р сарын 24-ний Ням гарагт Streameast сүлжээг таслан зогсоох тусгай ажиллагаа явуулсан байна. The Athletic сайтад мэдээлснээр, уг платформ нь сард дунджаар 136 сая удаа хандалт авдаг байсан бөгөөд АНУ, Канад, Их Британи, Филиппин, Герман зэрэг улсуудаас голчлон ханддаг байжээ.
Египетийн Эль-Шейх Зайд хотод болсон тусгай ажиллагааны үеэр хоёр эрэгтэйг зохиогчийн эрх зөрчсөн үндэслэлээр баривчилсан бөгөөд тэдний эзэмшиж байсан зөөврийн компьютер, гар утас, бэлэн мөнгө, олон тооны кредит картуудыг хураан авчээ. Мөн мөрдөн байцаалтын явцад 2010 оноос хойш 4.9 сая фунт стерлинг (£) буюу 6.2 сая ам.долларын орлогыг АНЭУ-д бүртгэлтэй нэгэн хуурамч компанийн тусламжтай угаасан байж болзошгүйг тогтоосон байна. Түүнчлэн Египет дэх хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө нь хууль бус орлогоор худалдан авсан гэх сэжиглэл гарчээ.
ACE-ийн тэргүүн, Motion Picture Association-ийн гүйцэтгэх захирал Чарльз Ривкин “ACE нь дижитал пиратын гэмт хэрэгтэй хийх тэмцэлдээ томоохон ялалт байгууллаа. Бид спортын лигүүд, энтертайнмент салбарын эрх ашгийг хамгаалахын тулд үргэлж талбайд байх болно” хэмээн мэдэгджээ.
DAZN Group-ийн COO Эд МакКарти “Streameast-ийг устгасан нь амьд спортын экосистемд хөрөнгө оруулалт хийдэг, түүнээс хамааралтай бүх хүмүүст томоохон ялалт юм. Энэ гэмт хэргийн ажиллагаа нь спортын бүх түвшинд үнэ цэнийг хулгайлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа фенүүдийг эрсдэлд оруулж байсан” хэмээн онцолсон байна.
ACE нь олон улсын хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд Европол, АНУ-ын Хууль зүйн яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Үндэсний оюуны өмчийн эрхийн зохицуулалтын төв зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэхүү ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.
Эх сурвалж:
The Athletic — Streameast shut down