Францын ялалт, ПСЖ-ийн хүндхэн гарз
Францын шигшээ баг 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо Украйныг 2-0 гоолын харьцаатай хожиж, хожлоор эхэллээ. Гэсэн хэдий ч энэ ялалт Парис Сен-Жермен (ПСЖ)-ийн хувьд таагүй мэдээ дагуулсан юм. Багийн хоёр чухал довтлогч Оусман Дембеле, Дезире Доуэ нар бэртэл авч талбайг орхисон байна.
Тоглолтын эхний хагаст Доуэ бэртэж, түүний оронд Дембеле сэлгээгээр орсон ч удалгүй өөрөө ч гэмтэл аван талбайг орхисон юм. Үүний улмаас Ливерпүүлийн довтлогч Хьюго Экитике анх удаа үндсэн бүрэлдэхүүнд тоглох боломжтой болсон.
ПСЖ-ийн удирдлагууд энэхүү хоёр бэртлийг маш ноцтойгоор хүлээн авч, 2024/25 оны Аваргуудын лиг, Лиг 1 болон Францын цомын тоглолтуудад нөлөөлөх аюултай гэж үзэж байна.

Оусман Дембелегийн бэртэл
Дембеле 8-р сарын 30-нд Тулузын эсрэг хийсэн тоглолтод хоёр торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж, баг нь 6-3 харьцаатай ялалт байгуулсан ч хөлний булчинд зовиур илэрч талбайг орхисон. Харин Украйны эсрэг тоглолтод 35 минут тоглосны дараа баруун гуяны булчинд бэртэл авсан хэмээн L’Equipe мэдээлжээ.
ПСЖ-ийн зүгээс энэхүү явдалд ихэд бухимдалтай байгаа ч Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешамс “тоглоход бүрэн бэлэн байсан” хэмээн тайлбарласан байна.
“Тэр өөр хөлний булчиндаа бэртэл авсан. Түүний биеийн байдал сайн байсан. Харамсалтай нь ийм зүйл тохиолдож болно” хэмээн Дешамс мэдэгджээ.
Дембеле хэзээ эргэн ирэх вэ?
GFFN-ий мэдээлснээр, Дембеле ойролцоогоор зургаан долоо хоног тоглох боломжгүй бөгөөд энэ хугацаанд Аваргуудын лигийн эхний тоглолтуудыг алдах магадлалтай. Түүнийг 10-р сарын 17-нд Страсбургийн эсрэг хийх тоглолтод эргэн ирж магадгүй гэж үзэж байна.
Дезире Доуэгийн бэртэл
20 настай Доуэ баруун хөлийн булчиндаа гэмтэл авч, эхний хагас дуусмагц сэлгээгээр талбайг орхисон. Түүнийг 3-4 долоо хоног талбайд гарахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд 9-р сарын 27-нд Ауксеррийн эсрэг хийх тоглолтод эргэн ирэх боломжтой аж.

Хоёр тоглогчийн алдах тоглолтууд
ПСЖ-ийн тоглолтууд:
- 9-р сарын 14: Ланс (Гэртээ)
- 9-р сарын 17: Аталанта (Гэртээ)
- 9-р сарын 21: Марсель (Зочин)
- 9-р сарын 27: Ауксерр (Гэртээ)
- 10-р сарын 1: Барселона (Зочин)
- 10-р сарын 5: Лилл (Зочин)
- 10-р сарын 17: Страсбург (Гэртээ)
- 10-р сарын 21: Леверкузен (Зочин)
- 10-р сарын 25: Брест (Зочин)
- 10-р сарын 29: Лорьян (Зочин)
Францын шигшээ багийн тоглолтууд:
- 9-р сарын 9: Исланд (Гэртээ)
- 10-р сарын 10: Азербайжан (Гэртээ)
- 10-р сарын 13: Исланд (Зочин)

ПСЖ-ийн байр суурь: Албан ёсны хандлага
ПСЖ клубийн зүгээс энэхүү давхар бэртэлд маш их санаа зовж байгаа бөгөөд “тоглогчид болон багийн спортын гүйцэтгэлд хүнд нөлөөтэй” хэмээн үзэж, Францын хөлбөмбөгийн холбоог эмнэлгийн хамтын ажиллагааны шинэ протокол яаралтай хэрэгжүүлэхийг уриалжээ.
Түүнчлэн ПСЖ нь тоглогчдын эрүүл мэндийг жил турш нарийвчлан хянаж, холбогдох мэдээллийг үндэсний шигшээ багийн эмнэлгийн багт тогтмол өгч байсан ч, уг мэдээллийг төдийлөн анхаарсангүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
ПСЖ клуб энэ тохиолдлоос үүдэн клуб болон үндэсний багийн эмч нарын хоорондын илүү нээлттэй, системтэй хамтын ажиллагаа тогтоох шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: 101greatgoals.com