Бразил улс хуучин нисэх онгоц тээгч хөлгөө живүүлжээ
Нисэх онгоц тээгч хөлгүүд нь далайд цохилт өгөх чадвар, хамгаалалт болон агаарын хүчээрээ тухайн улсын цэргийн сүр хүчийг илэрхийлдэг. Ийм хөлгийг зориудаар живүүлэх нь ховор боловч техник, аюулгүй байдал, эдийн засгийн шалтгааны улмаас ийм шийдвэр гаргах тохиолдол бий. 2023 онд Бразил улс өөрийн хуучин нисэх онгоц тээгч “Сан Паулу” хөлгөө хяналттайгаар живүүлсэн байна.
Францын хөлгөөс Бразилын өмч болж шилжсэн түүх

“Сан Паулу” хөлөг нь Францын тэнгисийн цэргийн “Клемансо” ангиллын хөлгүүдийн нэг байсан бөгөөд анх “Фош” нэртэйгээр ашиглагдаж байжээ. Франц улс шинэ “Шарль де Голль” хөлгөө ашиглалтад оруулахын тулд энэхүү хуучин хөлгөө ашиглалтаас гаргаж, 2000 онд Бразил улсад 12 сая ам.доллараар худалдсан байна. Гэвч шилжүүлгийн дараа олон бэрхшээл тулгарчээ. Тухайлбал, 2000-аад оны дунд үед хөдөлгүүрийн хэсэгт дэлбэрэлт болж, 2012 онд гал гарч, хөлгийн ажиллагаанд ноцтой саад учруулсан юм.
Их хэмжээний хөрөнгө оруулалт ч үр дүн муутай байв
“Сан Паулу” хөлгийг бүрэн ажиллагаанд оруулахын тулд 80 сая ам.долларын засвар шаардлагатай байсан ч энэ төсөл хэрэгжээгүй. 2004 онд гарсан дэлбэрэлтийн дараа зайлшгүй шаардлагатай системүүдийг сэргээхэд 18 сая ам.доллар зарцуулсан ч дахин гал гарч, бүрэн сэргээх боломжгүй болсон байна.
Тусгай зориулалттай, маш том хэмжээтэй ийм хөлгийг засварлах, хадгалах, дахин ашиглах нь асар их зардалтай тул Бразилын тэнгисийн цэрэг ашиглалтаас бүр мөсөн гаргах шийдвэр гаргажээ.
Асбест зэрэг аюултай материалууд асуудал үүсгэв

Хөлгийн бүтэц дотор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй асбест зэрэг материал байж болзошгүй тул хаягдал болгон гадагш зарах оролдлого амжилтгүй болжээ. Анх Турк руу зөөвөрлөн, төмрийн хаягдал болгон боловсруулах төлөвлөгөөтэй байсан ч экологийн эсэргүүцэл, аюултай материалын улмаас Бразилын засгийн газар түүнийг эх орондоо буцаахыг шаардсан байна.
Эцсийн шийдвэр: Живүүлэх
Бразилын эрх баригчид эцэст нь уг хөлгийг Бразилын эргээс 350 км зайд, 5000 метрийн гүнд хяналттайгаар живүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь далайн орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах, мөн бусад улс орнуудтай үүсэх боломжит зөрчлөөс зайлсхийх зорилготой байв.
Ийнхүү “Сан Паулу” хөлөг нь Бразилын тэнгисийн цэргийн түүхэнд амжилттай төсөл бус, харин сургамжтай түүх болон үлдсэн юм.
Эх сурвалж: SlashGear