Хиймэл оюун ухааны аюулгүй байдал: Засгийн газрууд ядаж ямар нэг зүйл хийх хэрэгтэй болжээ
Хиймэл оюун ухаан (AI) өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа ч, түүнийг хэрхэн хянаж зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий нийтийн толгойны өвчин хэвээр байна. Технологийн ашиг тусыг үгүйсгэх аргагүй ч, хяналтгүй хөгжил нь ноцтой хор хөнөөл дагуулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.
Европын Холбоо хиймэл оюун ухааны зохицуулалтын талаар тодорхой алхмууд хийж эхэлсэн бол, бусад улс орнуудын хувьд шийдэлд хүрэх нь бүү хэл, хэлэлцүүлгийн түвшинд ч бүрэн орж амжаагүй байна. Тиймээс олон улсын мэргэжилтнүүд нэгэн шинэ уриалгыг гаргалаа: Ямар нэгэн шийдэлд ядаж хүрцгээе. Юу ч байсан тохиролцъё.
“AI Red Lines” уриалга НҮБ-д танилцуулагдлаа
Даваа гарагт улс төрчид, эрдэмтэд, технологийн судлаачид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс “Хиймэл оюун ухааны улаан шугамуудын дэлхийн уриалга” (Global Call for AI Red Lines) нэртэй санаачилгыг танилцуулсан. Энэхүү уриалга нь улс орнуудыг хамтран ажиллаж, AI ашиглалтад “хүлээн зөвшөөрөгдөхгүй эрсдэл”-ийг тодорхойлж, хориг тавихыг уриалж буй юм.
Зорилго нь 2026 оны эцэс гэхэд эдгээр “улаан шугамууд”-ыг тогтоох явдал бөгөөд уриалгад 200 гаруй нөлөө бүхий хүн, салбарын мэргэжилтнүүд, улс төрийн удирдагчид, Нобелийн шагналтнууд нэгдээд байна. Тэдний дунд Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Колумбын ерөнхийлөгч асан Хуан Мануэль Сантос, хиймэл оюун ухааныг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг Жеффри Хинтон, Ёшуа Бенжио зэрэг эрхмүүд багтаж байна.
Улаан шугамын утга тодорхойгүй ч, санаа нь тодорхой
Одоогоор яг ямар “улаан шугамууд”-ыг тогтоох вэ гэдэг нь тодорхой бус байгаа ч, санаачлагчид засгийн газрууд хамтдаа шийдэлд хүрнэ гэдэгт найдлага тавьж байна. Уриалгад тодорхой бодлогын санал ороогүй боловч, жишээлбэл:
- Цөмийн зэвсэг хөөргөх шийдвэрийг AI-д хариуцуулж болохгүй
- Хүмүүсийн хяналтаас гарсан AI систем бүтээхийг хориглох
- Олон нийтийн хяналтын системд AI-г хэт хэрэглэж, эрх чөлөөнд халдахгүй байх
гэсэн боломжит хоригуудыг дурджээ. Гэхдээ эдгээр нь ерөнхий жишээ төдий бөгөөд улс орнууд өөр өөрсдийн улаан шугамыг тодорхойлох боломжтой гэдгийг онцолсон байна.
Шийдэл хайсан гурван тулгуур
Энэхүү уриалга нь дараах гурван тулгуур зарчим дээр үндэслэж байна:
- Тодорхой хориглох үйлдлийн жагсаалт
- Хэрэгжилтийг баталгаажуулах механизм
- Бие даасан хянах байгууллага
Гэхдээ эдгээрийг бодит ажил хэрэг болгоход засгийн газруудын улс төрийн шийдвэр, харилцан итгэлцэл маш чухал юм. Уриалгад улсуудыг дээд хэмжээний уулзалт, ажлын хэсгүүд байгуулан, энэ асуудлыг бодитойгоор хэлэлцэхийг уриалж байна.
АНУ-ын байр суурь тодорхойгүй хэвээр
АНУ өмнө нь Байдены засаг захиргааны үед хиймэл оюун ухааныг цөмийн зэвсэгтэй холбохгүй байх амлалт өгч байсан ч, одоо энэ байр суурь хэвээр эсэх нь тодорхойгүй байна. Харин Трампын засаг захиргааны үед тагнуулын байгууллагууд дотоодын хяналтад зориулан зарим AI системийг ашиглах сонирхолтой байсан нь эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Ийм нөхцөлд АНУ энэхүү уриалгад нэгдэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Бид 2026 оны эцэс гэхэд энэ бүхний хариуг мэдэж магадгүй… Хэрэв тэр хүртэл хиймэл оюун ухаанаас амьд үлдэж чадвал шүү дээ.
Эх сурвалж: Gizmodo